Нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг 3 951 аж ахуйн нэгж байна
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа баар, шөнийн цэнгээний газар, зочид буудлуудад үйлдэгдэж байгаа гэмт хэргийн талаар танилцуулга, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Нийслэлийн хэмжээнд энэ оны эхний 3 сарын байдлаар 4 101 гэмт хэрэг бүртгэгдсэний 733 буюу 17.9 хувь олон нийтийн газар үйлдэгдсэн байна. Үүнээс баар шөнийн цэнгээний газар 211, зочид буудалд 67, саунд 6 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 16.9 хувиар өссөн үзүүлэлтэй байгааг нийслэлийн цагдаагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Болдбаатар мэдээллээ.
Эдгээр газруудад үйлдэгдэж байгаа гэмт хэргийн дийлэнх нь бусдын бие махбодид гэмтэл учруулах, танхайрах, хулгайлах гэмт хэрэг байдаг бол гэмт хэрэгт холбогдож байгаа иргэдийн 60 орчим хувь 18-29 насны залуус байгаа нь анхаарал татаж байгааг холбогдох байгууллагаас хэллээ. Мөн зочид буудал, дэн буудлууд тогтоосон стандарт мөрддөггүй, согтуу хүнд үйлчилдэг, ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад хүртэл үйлчилж байгаа нь гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлж байна гэж үзэж байгаа юм. Одоогоор эдгээр зочид буудлал болон дэн буудалд гэмт хэрэг гарсан тохиолдолд зөвхөн гэрчээр оролцож байгаа бөгөөд ямар нэг хариуцлага тооцох эрх зүйн орчин дутмаг байдаг байна. Тиймээс цаашид зочид буудал, дэн буудал, амралтын газар, жуулчны баазад тавих хяналтыг сайжруулж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай байгаа юм.
Нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаа үйлдвэрлэдэг, худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 3 951 аж ахуйн нэгж байгаагаас спиртийн 7, архины 21, пивоны 14, дарсны 1 үйлдвэр, ресторан, зоогийн газар 560, диско баар 270, караоке 380, кафе 300, хүнсний дэлгүүр 2259, бөөний төв 139, 167 зочид буудал, 300 дэн буудал үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Үйлдвэр, худалдааны сайдын 2008 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Норматив тогтоох тухай” 05 дугаар тушаалаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоог нийслэл, аймгийн төвд 2000 хүн ам тутамд нэгээс хэтрэхгүй байхаар тогтоосон байдаг. Энэ норимативын дагуу тооцоход нийслэлд архи согтууруулах ундаагаар үйлчлэх цэгийн тоо 6.5 дахин их байгаа юм.
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, дэн буудлын үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагуудаар жил бүр аттестачлал хийх, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо, төрлийн талаарх нормативыг шинэчлэн тогтоож, согтууруулах ундаа худалдаалдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжийн тоог зохистой харьцаанд хүртэл бууруулах зэрэг арга хэмжээг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.