Ажил олгогчид хүлээлгэх хариуцлагыг чангатгана

2015 оны 4 сарын 06

Хөдөлмөрийн сайд С.Чинзориг барилгын компаниудын удирдлагуудтай уулзалт хийлээ. Урин цаг ирж барилга бүтээн байгуулалтын ажлууд эхлэх гэж буй энэ үед тус салбарынхныг урьсан зорилго нь хоёр чухал асуудлаар санал солилцох байсан юм. Уулзалтад барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй 30 орчим компанийн төлөөлөл оролцлоо.

Уулзалтаар ярьсан асуудлын эхнийх нь барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай байв. С.Чинзориг сайд “Өнгөрсөн 2014 онд улсын хэмжээгээр  үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний гаралт өмнөх хоёр жилийн дунджаас буурсан дүнтэй ч барилгын салбарт  26 хүн амь насаа алдсан гэсэн аймшигтай тоо бий. Үйлдвэрлэлийн ослоор ганцхан салбарт ийм олон хүний амь хохирсон  гэдэг гуравхан сая хүнтэй манай улсын хувьд эмгэнэл” хэмээгээд аж ахуйн нэгж бүр энэ тал дээр анхаарч ажиллагсдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын байрны эрүүл ахуйг дүрэм журмын дагуу хангаж ажиллаж байж осол гэмтлийг бууруулна гэдгийг онцолсон. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаагаа дуулгасан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Засгийн газраар оруулж, УИХ-д өргөн барихад бэлэн болоод байгаа гэнэ. Уг хуульд хэд хэдэн чиглэлийн өөрчлөлт оруулж байгаагийн нэг нь ажил олгогчид хүлээлгэх хариуцлагыг чангатгах. Өнөөгийн мөрдөж буй хуулиар үйлдвэрлэлийн осол гарсан тохиолдолд ажил олгогчийг эхний ээлжинд 300-500 мянга, давтан гарсан бол 1-1,5 сая төгрөгөөр торгодгийг нэмэх нь зүйтэй гэдэг санал оруулжээ. Мөн ажилтны  өөрийгөө болон бусдыг үйлдвэрлэлийн ослоос хамгаалах үүргээ биелүүлэхийг ч хуульд тусгаж буй гэнэ. Барилгын салбарт гарсан ослын хариуцлагыг ерөнхий захиалагч, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч гэхчилэн хэн хүлээх нь тодорхой биш. Мөн барьж байгаа барилга дээрээс төмөр унаад гудамжинд явж байсан хүний аминд хүрсэн тохиолдол нэг биш гарсан. Тиймээс барилгын гаднах талбай, үйлдвэрлэлийн орчны стандартыг ч нарийн сайн тодорхойлж өгөх шаардлага байгааг сайд дурдлаа. Түүнээс гадна барилгын салбарт хөдөлмөр зохион байгуулалт муутай, ямар ч бүртгэлгүй бригад нэртэй хүмүүсээр ажил гүйцэтгүүлдэг нь хөдөлмөрийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгааг ч анхаарах цаг болсон гэв.  Хуульд мөн эрсдэлтэй ажлын байрны даатгалын тухай заалт оруулж буй бөгөөд ажилтны амь нас, эрүүл мэндийн даатгалыг ажил олгогч төлөхөөр тусгасан байна. Даатгалын доод хэмжээг 36 сарын цалинтай тэнцэхээр байх нь зөв хэмээн үзэж буйгаа сайд ярьсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20147
0 эможи
keyboard_arrow_up