Ухаалаг системийг эхлээд троллейбусанд тавина

Нийтийн тээврийн ухаалаг систөмийг энэ зунаас бүрэн нэвтрүүлнэ. Тиймээс ирэх сарын 16-ны өдрөөс замын нэг чиглэлд туршилт хийхээр болжээ. Ингэхдээ троллейбусанд төхөөрөмж суулгаж, иргэд төлбөрийн карт ашиглан үйлчлүүлэх юм байна. Нийт 500 карт борлуулах цэг байгуулах бөгөөд иргэд эдгээр цэгээс картаа худалдан авч, цэнэглэх боломжтой аж. Нийтийн тээврээр хөнгөлөлттэй үйлчлүүлдэг өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хорооноос, цагдаагийн албан хаагч байгууллагаасаа картаа авах юм байна. Тухайн хүний картыг төрөөс тогтоосон хэмжээгээр сар бүрийн эхэнд цэнэглэж өгөх гэнэ. Харин төрөөс цэнэглэсэн мөнгө нэг сарын хугацаанд хүрэхгүй дуусвал тухайн иргэн өөрөө цэнэглэх юм байна. Энэ талаар "Улаанбаатар смарт карт" компанийн мэргэжилтэн Ц.Түвшинжаргалаас тодруулахад, "Автобусанд суурилуулах төхөөрөмж ирэх сарын эхээр манай улсад ирнэ. Эхний ээлжид богино эргэлтийн нэг чиглэлд троллейбусанд төхөөрөмж суурилуулан туршилт хийнэ. Тавдугаар сараас карт борлуулах цэгүүдийг байрлуулна. Иргэд автобусны урд хаалгаар орж картаа уншуулна. Буухдаа бас арын хаалганы хажуугийн төхөөрөмжид картаа уншуулна" гэлээ.









