47 айлын орон сууцыг үнэ төлбөргүй хувьчилна

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Хөрөнгө бүртгэн авах тухай, Орон сууц хувьчлах тухай, Хөрөнгө худалдан авах тухай асуудлыг өчигдөр хэлэлцлээ. Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан нийт 13 тэрбум 215 сая төгрөгийн өртөг бүхий долоон барилга байгууламж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан ус түгээх есөн байрыг нийслэлийн өмчид бүртгэн авлаа. Мөн БЗД-ын IX хорооны тавдугаар хэсгийн нутаг дэвсгэрт Шархад Цайз захын зүүн хойно байрлах хуучин орос цэргийн казарм байсан орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа Нийслэлийн өмчийн харилцааны газрын балансад бүртгэлтэй 52 сая 704 мянган төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий нэг, хоёр, гуравдугаар байрны 47 айлын орон сууцыг нэр бүхий иргэдэд үнэгүй хувьчлахаар болов. Харин Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Эх газар” ХХК-ийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан төмөр замын доогуурхи автомашины нүхэн гарцыг нийслэлийн өмчид бүртгэн авахаар боллоо.









