Тагнуулын хурандаа Д.Цогтбаатарыг улсын нууц задруулсан буруутайд тооцлоо

ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Д.Цогтбаатар болон тус газрын ажилтнууд болон Д.Энхтөр, Б.Чингүүн, П.Гансүх, М.Бат-Эрдэнэ, иргэн Н.Наранбаяр нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эргүүгийн хэргийн шүүх хурлаар өнгөрсөн баасан гаригт ялтан, тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Тагнуулын хурандаа Д.Цогтбаатарыг улсын нууц задруулсан буруутайд тооцлоо.
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх уг хэргийг 2014 оны аравдугаар сарын 24-нд хэлэлцээд Д.Цогтбаатар, Д.Энхтөр, П.Гансүх, Б.Чингүүн, М.Бат-Эрдэнэ нар бусдад эрүү шүүлт тулгасан нь нотлогдоогүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасан. Тэднийг кино найруулагч Г.Бадамрагчаад эрүү шүүлт тулган, онц хүнд гэмт хэрэг хүлээлгэхээр оролдсон гэж прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдсэн юм. Харин Д.Цогтбаатарыг төрийн нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэм буруутай хэмээн үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87.1-д зааснаар таван жил, 149.2-т зааснаар мөн хугацаагаар хорих ял оноосон. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх уг хэргийг 2014 оны 12 дугаар сарын 18-нд хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.









