Сурвалжлага: Эрээн хотод амиа алдсан эмэгтэй биеэ үнэлэгчдийн гудамжинд амьдардаг байжээ

БНХАУ-ын Эрээн хотод ажиллаж, амьдарч байсан монгол эмэгтэй бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар манай сайт мэдээлсэн. Тодруулбал, энэ сарын 17-18-нд шилжих шөнө Монгол Улсын иргэн 49 настай эмэгтэй тус улсад зэрлэгээр хөнөөгдсөн юм. Энэ хэргийн талаар zaluu.com сайт Эрээн хотоос бодит мэдээлэл бэлтгэлээ.
Талийгаач эмэгтэй амиа алдахаас зургаан хоногийн өмнө Эрээн хотод очжээ
Амиа алдсан эмэгтэй энэ сарын 12-нд буюу амиа алдахаас зургаан хоногийн өмнө БНХАУ-ын хилээр нэвтэрч Эрээн хотод очжээ. Улмаар Эрээн хотын Дүнчин дүүргийн нутаг “Ан Тай” зочид буудлаас урагш байрлах ердийн галлагаатай байр хөлслөн амьдарч байсан аж. Тус газар нь Эрээний “Улаан дэнлүүний гудамж” гэдгээрээ алдартай биеэ үнэлэгчдийн гудамжинд байдаг аж. Тус газрын байрууд маш хямд. Буудалд нэг хоног байрлах мөнгөөр сар хөлсөлж болохоор хямд үнэтэй учраас амиа алдсан эмэгтэй тухайн газрыг сонгон амьдарч байсан аж. Гэвч тэрбээр тус улсын хилээр нэвтрээд зургаан хоногийн дараа ийнхүү харамсалтайгаар амиа алдсан байна.
Эмэгтэй биеэ үнэлэгчдэд орифлеймийн бараа зардаг байжээ
Талийгаач эмэгтэй Эрээн хотод орж ирсэнээсээ хойш орифлеймийн бараа зарж мөнгө олдог байжээ. Тэрбээр “Улаан дэнлүүний гудамж”-д байрлах эмэгтэйчүүдэд бараагаа худалдаалдаг байсныг албаны хүмүүс хэлж байна. Мөн уг хэрэгт гэрчүүдээс мэдүүлэг авч эхлээд байгаа бөгөөд гэрчүүд ч түүнийг орифлеймийн бараа зардаг байсан талаар цагдаагийн байгууллагад мэдүүлжээ.
Талийгаачийг дахин задлан шинжилгээнд оруулахаар болжээ
Талийгаач эмэгтэйг гадны нөлөөтэй амиа алдсан болохыг цагдаагийн байгууллагаас тогтоогоод байна. Амиа алдсан даруйд нь Шилийн голоос шинжээч эмч нар Эрээн хотод очиж задлан шинжилгээ хийж гадны нөлөөтэй амиа алдсан болохыг тогтоосон. Гэвч дахин задлан шинжилгээ хийх шаардлагатай болсон учраас Хөх хотоос дахин шинжээч эмч нар ирж шинжилгээ хийхээр болжээ. Ингэснээр эмэгтэйн цогцсыг өнөөдрийг хүртэл ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөөгүй байна.
Гэмт этгээдийг БНХАУ даяар эрэн сурвалжилж байна
Гэмт этгээд талийгаач эмэгтэйг ямар шалтгаанаар ийнхүү хөнөөсөн болохыг Эрээн хотын цагдаагийн байгууллага шалгаж байна. Юутай ч албаны эх сурвалж гэмт этгээд талийгаач эмэгтэйг онц хэрцгий аргаар хөнөөсөн гэдгийг хэлсэн юм. Гэмт этгээдийг БНХАУ даяар эрэн сурвалжилж байгаа бөгөөд эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна. Албаны эх сурвалжийн мэдээлсэнээр, талийгаач эмэгтэйг хэн хөнөөсөн болохыг Эрээн хотын цагдаагийн байгууллагаас олж тогтоосон гэж байна. Гэхдээ эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа учраас гэмт этгээдийн талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Харин 35-аас доош насны, 175 см өндөртэй эрэгтэйг эрэн сурвалжилж байгааг албаны эх сурвалж мэдээллээ.
Эрээн хотын Консул: Гэмт этгээдийн ам зургийг гаргасан
Энэхүү хэрэгт БНХАУ-ын цагдаагийн байгууллага ихээхэн анхаарч байгаагаа дамжуулсан юм. Учир нь манай улсад БНХАУ-ын хоёр иргэн зэрлэгээр хөнөөгдсөн хэрэг гарсан. Тодруулбал, манай улсад бизнес эрхлэн БГД-т амьдарч байсан хоёр хятад иргэдийг манай улсын иргэд шунахайн сэдлээр хөнөөсөн. Тус хэрэгт манай улсын цагдаагийн байгууллагын 700 гаруй алба хаагч шуурхай ажиллан гэмт этгээдүүдийг 72 цагийн дотор илрүүлсэн байдаг. Тиймээс БНХАУ-ын Эрээн хотын цагдаагийн байгууллагаас талийгаач эмэгтэйн хэрэгт анхаарч ажиллахаа мэдэгджээ. Ингээд хэргийн талаар Эрээн хотын Консулын газраас тодруулахад “Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа. Тиймээс мөрдөн байцаалтад саад учруулж болзошгүй тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Юутай ч Монгол улсаас Эрээн хотод суугаа Консулын газраас энэхүү хэрэгт анхаарал хандуулан, ар гэрийнхэнтэй нь холбогдон ажиллаж байна. Мөн Хөх хот, Шилийн богд, Бээжин явах замд шалгалт гарган, БНХАУ даяар гэмт этгээдийг хайж байгаа. Гэмт хэрэгтний ам зургийг гаргасан. Хөх хотын цагдаагийн удирдлагууд мөн ирэн мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцож байна” гэлээ.
Талийгаачийн ар гэрийнхэн: Талийгаачийнхаа цогцсыг авмаар байна
Талийгаач эмэгтэй нөхөр, гурван хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд суманд амьдардаг байсан аж. Ар гэр нь тааруу амьдралтай учраас мөнгө олох зорилгоор Эрээн хотод очоод байжээ. Одоо ар гэрийнхэн болон эгч дүүс нь Замын-Үүд суманд амьдарч байгаа бөгөөд талийгаачийн шарилыг авах хүсэлтээ цагдаагийн байгууллагад гаргажээ. Гэвч задлан шинжилгээ хийж байгаа учраас өнөөдрийг хүртэл шарилыг нь өгөөгүй байна. Талийгаачийн ар гэрийнхэнтэй утсаар холбогдон хэрэг явдлыг тодруулахад “Бидэнд маш харамсалтай бас их гомдолтой байна. Хэргийг Эрээн хотын цагдаагийн байгууллага үнэн зөв шалгаж, гэмт хэрэгтнийг олж тогтооно гэдэгт итгэж байна. Хүний нутагт зэрлэгээр хөнөөгдсөн гэдгийг сонсоод бидэнд үнэхээр харамсалтай байна. Ядаж задлан шинжилгээнд оруулна гээд цогцсыг нь авч чадаагүй байна. Эрээн хотын эмнэлэгт морго гэж байдаггүй. Хувийн морго хадгалдаг газрууд байдаг юм байна. Тэнд л хадгалж байгаа бололтой. Ядаж цогцсыг нь хурдан авч хөдөөлүүлмээр байх юм” гэсэн юм.
Одоогоор талийгаачийн цогцсыг Эрээн хотын цогцос хадгалдаг газарт хадгалж байна. Энэ нь хоногийн 300 юань байдаг бөгөөд монгол мөнгөөр хоногийн 90-ээд мянган төгрөг болж байгаа аж. Уг мөнгийг ар гэрийнхэн нь төлж, цогцсыг нь хүлээн авдаг гэнэ. Талийгаачийн ар гэрийнхний хувьд өнөөдрийн байдлаар 600-гаад мянган төгрөг төлж, цогцсыг нь авахаар болоод байгаа аж. Тиймээс нэн даруй хоног алдалгүй цогцсыг нь хүлээн авч хөдөөлүүлэх хүсэлтээ байгаагаа тус хотын цагдаагийн байгууллагад хүргүүлжээ.
Эрээн хотод суугаа Консулын газраас ГХЯ-нд албан бичиг хүргүүлжээ
Энэхүү хэргийн талаар Гадаад хэргийн яамны Консулын газрын дэд захирал Б.Болд “Манай улсын иргэн Эрээн хотын нэгэн дүүрэгт амиа алдсан нь үнэн. Гэхдээ хэн болох, ямар учраас амь насаа алдсан эсэх нь тодорхойгүй байна. Одоогоор хэргийг шалгаж байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэх тайлбарыг өгсөн. Тэгвэл Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газраас Гадаад хэргийн яаманд албан ёсоор мэдэгдээд байгаа юм. Уг албан бичигт “Монгол Улсын иргэн 40 гаруй настай эмэгтэй 2015 оны гуравдугаар сарын 17-18-нд шилжих шөнийн 02.00-03.00 цагийн хооронд Эрээн хотын Дүнчин дүүргийн нутаг“Ан Тай” зочид буудлаас урагш байрлах ердийн галалгаатай шавар тагзанд нас барсан байна” гэжээ.









