Монголд 372 сүм хийд байгаагаас 61,3 хувь нь христийнх байна

Нийслэлд нийт 372 сүм хийд, шашны байгууллага үйл ажиллагаа явуулж байгааг “Нийслэлийн сүм хийд, шашны байгууллагын 2014 оны тооллогын тайлан”-д дурджээ. Үүнд арав орчим шашны төрөл, урсгал чиглэлийг төлөөлсөн, үйл ажиллагаа эрхлэн явуулах зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй сүм хийд, шашны байгууллага байгаа аж.
Нийслэлийн нутаг дэвсгэрт албан ёсны зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, шашны байгууллагын тооллого явуулж, бүртгэлжүүлэх, сүм хийдийн байршлыг тогтоож, орон зайн мэдээлэл бүхий цахим сан үүсгэсэн байна.
Тооллогыг 2014 оны арваннэгдүгээр сарын 15-наас арванхоёрдугаар сарын 5-ны өдөр хүртэл явуулжээ. Энэхүү тооллогоор Баянзүрх 92, Сонгинохайрхан 72, Баянгол 59, Сүхбаатар 44, Чингэлтэй 40, ХанУул 38, Налайх 16, Багануур 11 сүм хийд, шашны байгууллага үйл ажиллагаа явуулж байна.
Нийслэлд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй нийт сүм хийдийн 55.8 хувь нь шашны зориулалтаар барьж, засч тохижуулсан өөрийн эзэмшлийн барилга байгууламж, байранд, 18.3 хувь нь түрээсийн байранд, 25.8 хувь нь сүм хийдийн тэргүүний хувийн эзэмшлийн гэрт эсвэл сүсэгтэн, итгэгчдийнхээ байр сууцанд үнэ хөлсгүй байрлаж, үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг байна.









