Гэр бүлийн хорооны хурал боллоо

2014 оны 1 сард Монголын залуучуудын холбооны дэргэд чиглэлийн асуудал эрхэлсэн байнгын хороо болох Гэр бүлийн хороо анх байгуулагдаж даргаар нь гэр бүл судлаач, багш Н.Оюун-эрдэнэ сонгогдон ажиллаж байсан бөгөөд Тогтвортой гэр бүл аяны хүрээнд залуу гэр бүлүүдэд зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, гэр бүлийн тухай хуульд санал оруулах зэрэг томоохон ажлуудыг амжилттай зохион байгуулсан юм. Цаашид Гэр бүлийн хорооны үйл ажиллагааг идэвхжүүлэх, залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ээлжит хурлыг зохион байгуулж шинэ бүтэц зохион байгуулалтайгаар ажиллахаар боллоо. Залуучуудын гэр бүлийн хорооны даргаар Гэр бүл судлаач Ж.Баясгалан сонгогдож албан ёсоор тамга гэрчилгээг хүлээн авлаа. Цаашид Гэр бүлийн хорооноос залуу гэр бүл, нийгэм олон нийтэд чиглэсэн томоохон уриалга, аянуудыг өрнүүлэн ажиллахаар төлөвлөж байна. Гэр бүлийн хорооны дарга, тэргүүлэгч гишүүд хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.









