Газар өмчлөх хүсэлтийг ирэх сараас цахим хуудсаар авна
Газар өмчлөх хүсэлтийг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон билээ. Энэ талаарх хэлэлцүүлгийг өчигдөр Нийслэлийн өмчийн харилцааны газар, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл хамтран зохион байгуулсан юм. Нийслэлийн 52 байршилд гэр бүлийн зориулалтаар газар өмчлөх бүртгэлийг ирэх тавдугаар сараас онлайнаар явуулах болсон талаар мэдээллээ. Одоогоор 52 байршилд газар өмчлүүлэх газрын ерөнхий төлөвлөгөөг нарийвчлан хийж дуусаагүй учраас ийнхүү цахим бүртгэлийг ирэх сараас хийхээр болсон байна.
Нийслэлийн өмчийн харилцааны газрын цахим хуудсанд газар өмчлөх онлайн бүртгэлийн программыг байрлуулах бөгөөд үүгээр иргэн орж регистрийн дугаар, овог нэр, мэдээллээ оруулсаны дараа таны ашигладаг гар утсанд урьд нь газар өмчилж байсан эсэх талаарх хариу ирэх юм байна. Энэ хариуны дагуу шаардлагатай материалаа бүрдүүлэн газрын албанд хандах ажээ.