Цэргийн албан хаагчдын гурван үеийн уулзалт боллоо

2015 оны 3 сарын 17

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас  "Монгол цэргийн өдөр",  орчин цагийн зэвсэгт хүчний салбар үүссэний 94 жилийн ойн баярын өдрийг угтан цэргийн албан хаагчийн гурван үеийн уулзалтыг зохион байгууллаа.

 

Энэхүү арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, нийслэл, дүүргийн цэргийн штабын дарга нар, Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагын удирдлага, албан хаагчид, ахмад дайчдын төлөөлөл оролцсон юм.

 

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон "Монгол Улсынхаа эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн түүхийг бичилцэж яваа Монгол цэрэг хэмээх дуурсалт алдрын эзэд  болоод Нийслэлийн иргэд та бүхэндээ Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярын цогтой халуун мэндийг хүргэн мэндчилье. Төв Азийн элгэнд оршин тогтносон Монгол хэмээх туурга тусгаар улсын мандан бадарч ирсэн түүх бол Монгол цэргийн түүхтэй салшгүй холбоотой билээ. Батлан хамгаалах салбарынхан бид түүхт ойгоо амжилт бүтээлээр дүүрэн угтаж байна. Тухайлбал, эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх хүрээнд “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийн төслийг эцэслэн боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид өргөн барилаа. “Оюутан цэрэг” хөтөлбөрийг амжилттай эхлүүлж, уламжлал болгон энэ жил дахин зохион байгуулах гэж байна. Дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа манай цэргийн алба хаагчид Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж, монгол цэргийн ур чадварыг гайхуулан үүргээ нэр төртэй биелүүлж байгааг дурдахад таатай байна" гэсэн.

 

Гурван үеийн уулзалтыг зохион байгуулах болсон нь эх орны төлөө зүтгэж явсан ахмад дайчдын бүтээсэн гавъяаг залуу хойч үед нь таниулан үлдээхтэй холбоотой гэж Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл онцолсон.

 

Уулзалтын төгсгөлд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид уран бүтээлээ толилуулсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19251
0 эможи
keyboard_arrow_up