Хуримын ордныг хувьчлахыг МЗХолбооноос эсэргүүцэв

2015 оны 3 сарын 12

НИТХ-аас нийслэл хотод 2015 онд хувьчлах объектийн жагсаалтыг саяхан танилцуулсан бөгөөд энэхүү хувьчлах жагсаалтад Гэрлэх ёслолын  ордныг багтаасан. Гэрлэх ёслолын ордныг хувьчлах болсонтой холбогдуулан Монголын залуучуудын холбооноос мэдэгдэл гаргасан байна. Энэхүү мэдэгдэлд:

Нэг.Одоогоос  40 гаруй жилийн  өмнө  БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн их баярт ОХУ(тэр үеийн  ЗХУ)-ын өндөр дээд зэрэглэлийн хүндэт зочид оролцох үеэрээ Монголын залуу  үеийнхэнд бэлэг болгосон Гэрлэх ёслолын ордон нь өнөөгийн Монголын гурван үеийнхэн гал голомт, айл гэрээ шинээр үүсгэсэн үйл явдлыг тэмдэглэж, сүүлийн үеийн судалгаагаар 40000 хос  хуримын ёслолоо тус  ордонд хийж, түүнд 2 сая гаруй хүн оролцож  үйлчлүүлжээ. Ийнхүү мөнхийн хөрш Оросын  ард түмнээс Монголын залуучуудад  бэлэг болгосон тус ордон  нь барилга байгууламж төдийхөн зүйл биш, Монголчуудын үе үеийнхний гэгээн амьдрал, гал голомтын бэлгэдэл, ёслол хүндэтгэлийн гол төв бөгөөд Монгол төр, Монголын залуу үеийнхний халдашгүй нэр хүндтэй өмч мөн.

Хоёр. Тус  ордон нь Монголын залуучуудын төв  байгууллага (МХЗЭ)-ын захиалгаар боссон, Монгол Улсын ардын зураач Д.Амгалан, Л.Чуваамэд, Урлагийн гавьяат зүтгэлтэн М. Сэнгэцохио, Төрийн соёрхолт Я.Үржгээ, нэрт эрдэмтэн, угсаатны зүйч С.Бадамхатан, Х.Нямбуу зэрэг алдартай хүмүүсийн бүтээл шингэсэн үндэсний урлагийн ховор нандин дурсгал бөгөөд Монголын залуу үеийнхний дунд амьд үйл ажиллагаа явуулж байгаа Улаанбаатар хотын цорын ганц зориулалтын ордон юм.

Гурав. Монголчуудын уламжлалт зан үйл, аж төрөх ёслол хүндэтгэлтэй холбогдсон  тус ордон жил бүрийн зун, намрын улиралд хуримын ёслол элбэгтэй, хавар өвлийн  улиралд цөөвтөр  байх боловч  тус ордон бүтэн жилийн турш үйл ажиллагаагаа хэвийн явуулж, улсаас ямар ч зардал гаргахгүйгээр өдгөө өөрсдийгөө санхүүжүүлж, хэвийн ажиллаж байдгаараа бүр ч онцлог юм. Тус  ордонг хэвийн биш үйл ажиллагаатай, санхүүгийн бэрхшээлтэй, зарлага нь орлогоосоо илүү байдаг мэтээр гүтгэлгийг хэвлэл мэдээлллийн хэрэгслээр тарааж, хувьчлах нэрээр үндсэн үйл ажиллагааг  өөрчлөн зогсоож, тус  ордны  байршил газрыг өөр зориулалтаар ашиглахыг оролддог байгууллага хүмүүс  байгааг хүлээн зөвшөөрч хэрхэвч болохгүй.

Дөрөв. Монголд төдийгүй Ази тивд анх удаа боссон залуучуудын гэрлэх ёслолын ордон  нь тухайн чиглэлийн үйл ажиллагааны арга зүйн төв, үлгэр дуурайл болж, одоо 10-аад  аймагт гэрлэх ёслолын өргөө, танхим ажилладаг боллоо. Тус ордны  үйл ажиллагаа нэг талаар Монголын нийгмийн сэтгэлзүйд хүчтэй байр эзэлж, нөгөө талаар Гэр бүлийн  хөгжлийг дэмжих  төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр  оруулж байна. Иймд тус ордныг Нийслэлийн төр захиргааны байгууллага өөрийн харъяанд ажиллуулж чадахгүй болсон нөхцөлд аль нэгэн байгууллага, иргэнд хувьчлахын оронд зориулалтынх нь дагуу эзэмших байгууллагад шилжүүлэн өгөх  нь зүй зохистойг анхааруулж байна. Хэн нэгнээс хэн нэгэнд бэлэг болгосон нандин дурсгалыг хэн нэгэн хэн нэгэнд дур мэдэн өгч, зориулалтын  бус болгох нь ёс бус зүйл гэдгийг эрхбиш мартаж болохгүйг мэдэгдэж,  мунхаг явдал, шуналт  бодлоосоо татгалзахыг хатуу сануулж байна гэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19035
0 эможи
keyboard_arrow_up