Э.Сансар: Журам зөрчсөн байршил дахь ТҮЦ-үүдийг албадан буулгана

2015 оны 3 сарын 11

-Түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам шинээр батлагдсан ч шинэ стандартыг мөрдүүлж эхлээгүй байх шиг байна. Энэ тухайд?
-Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тогтоол гаргаж түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам баталсан. Түүнээс хойш манай дүүргийн Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс дээр 145 хүн ТҮЦ ажиллуулах хүсэлт ирүүлээд байна. Мэдээж хүсэлт гаргасан бүхэнд зөвшөөрөл олгох боломжгүй. Тухайлбал, журамд заасны дагуу зөвшөөрөгдсөн цэгт түр байрлах ТҮЦ-ийн тоог Дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн Улаанбаатар хотын ерөнхий  менежер тогтоож тушаалаар батлах учиртай. Энэ дагуу манай дүүргийн нутаг дэвсгэр дээр ТҮЦ байршуулах  боломжтой гэж үзсэн саналаа Улаанбаатар хотын ерөнхий менежерт хүргүүлсэн. 
-Нийслэлээс хариу ирсэний дараа зөвшөөрөл өгөөд шинэ стандарт мөрдүүлээд явна гэсэн үг үү?
-Тийм ээ. Нийслэлээс ТҮЦ-ийн байршил болон тоо нь батлагдаад ирэх юм бол бид шаардлагаа тавиад шинэчилсэн загварт оруулаад явна. Одоогийн байдлаар Нийслэлийн Захирагчийн ажлын албан дээр бидний явуулсан байршлын санал журамд нийцсэн эсэхийг хянаж байгаа. Гуравдугаар сарын 4-нд Нийслэлийн Захирагчийн ажлын албан дээр энэ талаар зөвлөл хуралдсан байгаа. 2016 онд АСЕМ-ын уулзалт манай улсад болох гэж байгаатай холбогдуулан зарим томхон гудамж, өргөн чөлөөг цогцоор нь шийдэх юм билээ. Цогцоор нь шийдэх байршилд ТҮЦ-ийн байршил баталлаа гэхэд нөгөөх нь хоёрхон сарын настай байршил болчих гээд байгаа юм. Дараа нь ТҮЦ ээ холдуул гэх маргаан үүсч магадгүй учраас тодорхой хугацаагаар хойшлуулсан. Өөрөөр хэлбэл, эхлээд цогцоор нь шийдэх гудамжны төлөвлөгөө гарна. Дараа нь энэ төлөвлөгөөнд хамрагдаагүй нутаг дэвсгэрийн ТҮЦ-ийн тоо байршил батлагдаад ирнэ. Үүний дараа Дүүргийн худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл тогтоосон байршил дээр хэнд зөвшөөрөл олгох вэ гэдгээ шийднэ. Тухайн иргэн маань хэдэн жил түргэн үйлчилгээний цэг ажиллуулсан, ажиллуулахдаа тамхины хяналтын тухай болон бусад хууль тогтоомж зөрчиж байсан эсэхийг харгалзах байх. Мөн хорооны Засаг даргаас санал авдаг. Ингээд байршил эзэд нь тодорхой болвол бид ТҮЦ ажиллуулах зөвшөөрлөө олгоод журмын хэрэгжилтэд хяналт тавиад явна.
-ТҮЦ-ийн шинэ стандартыг хангасан ТҮЦ танай дүүрэгт бий юу?  
-Манай дүүргийн хэмжээнд шинэ зураг төслөөр хийгдсэн ТҮЦ байхгүй. Мэдээж зөвшөөрөл өгөхдөө шинэ зураг төслийн дагуу хийгдсэн ТҮЦ-ийн л ажиллуулна гэсэн шаардлага тавина.  Нэг ТҮЦ –ийг шинэ стандартад оруулахад 8-12 сая төгрөгийн өртөг гарна гэсэн судалгаа байна.  
-ТҮЦ-үүдийг ариун цэврийн хувьд шаардлага хангахгүй гэж шүүмжилдэг шүү дээ. Шинээр батлагдсан ТҮЦ-ийн зураг төсөл арай өөр байх?
-Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөний газраас гаргаж,  батлагдсан ТҮЦ-ийн давуу тал нь европ стандартын модон гоёлын хийцтэй болохоор хотын өнгө үзэмжинд нийцсэн, байгаль орчинд ээлтэй, вакум цонх, гоёлын гэрэлтүүлэгтэй, ганддаггүй өнгөлгөөтэй, сурталчилгааны гэрлэн самбартай, дотроо гар угаалтуур, био бие засах өрөөтэй гэхчлэн нэлээд боловсронгуй болж өгсөн.
-Шаардлага хангахгүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа, мөн удаа дараа холбогдох хууль, тогтоомжийг зөрчин ажиллаж байгаа ТҮЦ-ийг яах вэ?
-Энэ талаар судалгаа хийсэн байгаа. Судалгаан дээр үндэслэн дөрөвдүгээр сарын 15-наас Өмч газрын харилцааны албатай хамтраад албадан нүүлгэж, газар чөлөөлөхөөр төлөвлөн ажиллаж байна. Өмнө нь хэд хэдэн удаа мэдэгдэл, шаардлага өгч байсан ч иргэд татан буулгаагүй, эзэнгүй орхидог, цоожлоод явдаг, эзэн нь тодорхойгүй ТҮЦ цөөнгүй бий. Ер нь ногоон байгууламж, явган болон авто замын зорчих хэсэгт байршуулсан гэхчлэн дандаа журам зөрчсөн байршил дээр байршуулсан ТҮЦ-үүдийг албадан нүүлгэж газар чөлөөлнө гэж ойлгож болно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18949
0 эможи
keyboard_arrow_up