Т.Чингүнжав: Өнгөрсөн онд 5.1 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтын ажил хийж гүйцэтгэлээ

2015 оны 3 сарын 11

Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Т.Чингүнжавтай өнгөрсөн он болон энэ жил хийгдэх ажлуудын талаар ярилцсанаа хүргэж байна.

 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе?

Танд бас уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе.

-Та ИТХ-д хэдэн оноос / хэдэн удаа/ сонгогдон ажиллаж байна вэ?

2008 онд анх төлөөлөгч болж, хурлын тэргүүлэгчээр ажиллаж байлаа, 2012 онд хоер дах удаагаа сонгогдон ажиллаж байна.

-Өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн онцлог ажлынхаа талаар ярихгүй юу?

ХУД-ийн хувьд дүүргийн төсвийн хөрөнгөөр өнгөрсөн онд нийтдээ 5.1 тэрбумын хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийж гүйцэтгэлээ. Мөн улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэд хэдэн ажил хийгдсэн. Өнгөрсөн жил ОНХС-ын хөрөнгөнөөс 2.6 тэрбумын ажил хийгдэх байсан боловч эдийн засгийн хүндрэлтэй байдлын улмаас 640 орчим сая төгрөгний санхүүжилт татагдаж зарим ажлууд хийгдээгүй. Тиймээс  тухайн ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийлгэе гэж санал өгсөн иргэд маань эдийн засгийн хүндрэлийн шаалтгааныг ойлгоосой гэж хүсэж байна. Гэхдээ дээр хэлсэнчлэн улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр олон ажлууд амжилттай хийгдсэн. Жишээлбэл өнгөрсөн онд манай дүүрэгт тавигдсан авто замын урт гэхэд 50 гаруй км болж байгаа нь нийслэлдээ хамгийн их хөрөнгө оруулалт татаж чадсаныг харуулж  байгаа юм. Үүнд: Нисэх, Яармагийн зам, Өлзийт, Био, Шувууны зам болон Богд уулын арын замыг онцолмоор байна.  Мөн Нийслэлийн хөрөнгөөр бага сургууль цэцэрлэгийн цогцолбор 10, 14, 15-р хороодод баригдахаар болж тендерт шалгарсан компаниуд ажлаа эхлүүлээд байна.  Дүүргийн төсвийн хөрөнгөөр Яармагийн 4, 5, 6, 7, 8-р хороод, Нисэхийн 16-р хороо нийтдээ зургаан хороонд 3тэрбумын хөрөнгө оруулалтаар 2219 ширхэг гэрэлтүүлэг шинээр хийж эдгээр хороодын гудамж бүрэн гэрэлтэй боллоо.  Дүүргийн 19 мянга гаруй өрхийн саналд үндэслэн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хороодод батлагдсан нийт 31 төсөл арга хэмжээг хэрэгжүүллээ. Үүнээс онцлог ажлуудыг дурдвал 1-р хорооны орцны кодтой хаалга суулгах ажил, 33-р байрны дээвэр засвар, хараагүйчүүдийн гүүрний шинэчлэл, Яармагийн хороодод гудамжны зам тэгшлэх, явган зам тавих ажлууд, 5,6,13,15-р хороодод тоглоомын талбай бүхий тохижилтууд, Өлзийт хороонд гадна камержуулалт гэх зэрэг олон ажлууд амжилттай хийгдсэнийг дурьдаж болно. Дээрхи ажлуудыг хэрэгжүүлэхэд манай дүүргийн хувьд бусад дүүргээс ялгаатай нь 20 хүртэлх сая төгрөгний өртөгтэй зарим ажлыг Иргэдийн бүлгээр хийлгэдэг. 2014 оны ОНХСангийн ажилд 7 иргэдийн бүлэг ажил гүйцэтгэгчээр шалгаран 66 хүнийг түр ажлын байраар хангаж орлоготой болгосон байна.

-Хан-Уул дүүргийн хувьд нэг онцлог бол боловсрол, хүүхдүүдэд рүү чиглэсэн олон ажил хийгддэг. Тэгвэл 2015 онд энэ чиглэлд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

Өнгөрсөн жил бид “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөр баталж хүүхэд хөгжил, хүүхэд хамгаалал гэсэн 2 дэд хөтөлбөрийн хүрээнд ажлаа төлөвлөсөн. ДИТХ-аас өнгөрсөн жилийг  хүүхдийн жил болгон зарлаж тэрбум төгрөг баталсныг дээрх дэд хөтөлбөрүүдийн зорилтыг хангах төсөл хөтөлбөрүүдэд зарцуулсан. Үнэхээр хэрэгтэй ажилд нь зарцуулахын тулд дүүргийн удирдлагын зөвлөлийн хурлаар төсөл хөтөлбөр нэг бүрийг авч хэлэлцэж тухайн төслийг хэрэгжүүлэх эсэхийг шийддэг. Энэ жил бид өнгөрсөн онд хэрэгжүүлж амжаагүй төсөл хөтөлбөрөөс гадна нэмж 200 сая төгрөгний төсөл хөтөлбөрийг “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд зарцуулахаар төлөвлөж байна. Дашрамд хэлэхэд өнгөрсөн онд хүүхдийн төлөө нэлээд олон ажил хиймээр байна гэж төсөл, хөтөлбөр боловсруулж идэвхтэй оролцсон хүүхдийн төлөө сэтгэлтэй зарим сургууль, цэцэрлэгийн багш ажилчид болон эмнэлэг, цагдаагийн байгууллагын ажилтнууддаа дүүргийнхээ хүүхдүүдийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье. Энэ жилийн 200 сая төгрөг ч бас зөв төсөл хөтөлбөртөө зарцуулагдаж, багагүй үр дүнтэй ажил болно гэдэгт итгэлтэй байна.

 -Энэ онд ИТХ-ын ямар асуудалд илүү анхаарал хандуулж ажиллах вэ?

ИТХурлын хувьд бидний байнга анхаарч ажиллах асуудал бол иргэдээ сонсох, олон түмний хүсэл, саналыг хуульд нийцүүлэн ажилдаа тусгах явдал байдаг. Хэр олон хүнд нийцүүлж шийдэл, шийдвэрийг гаргана тэр хэрээр бэрхшээлтэй олон асуудалтай тулгардаг, гэхдээ бид хамтдаа хичээж, хэрэгжүүлэх ёстой юм.

- Ярилцлага өгсөн танд баярлалаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18902
0 эможи
keyboard_arrow_up