Сонгуулийн тогтолцоо 100 хувь мажоритар уу, аль эсвэл пропорциональ уу

2015 оны 3 сарын 09

УИХ-ын хаврын чуулганаар хамгийн их яригдах асуудал бол сонгуулийн тогтолцоо. Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг УИХ-аар гарсан ажлын хэсэг боловсруулсан. Тэд уг төслөө оруулж ирэн хэлэлцүүлэх болов уу. Хуулийн төсөл боловсруулсан УИХ-ын гишүүн Р.Бурмаа “Сонгуулийн тогтолцооны хувьд намын бүлгүүд нэгдсэн байр сууринд хүрээгүй. Хоёр хувилбар яригдаж байгаа нь холимог тогтолцоо буюу 28:48, аль эсвэл 38:38 байх тухай юм” хэмээн ярьж байсан юм. Гэвч түүний ярьсан энэ хувилбар өөрчлөгдөж буй нь тодорхой болоод байна. Өөрөөр хэлбэл Монгол Ардын нам 100 хувь мажоритар тогтолцоог санал болгоод эхэллээ.

Тэгэхээр сонгуулийн тогтолцоо 100 хувь мажоритар байх уу, эсвэл одоогийн мөрдөж байгаагаар буюу 28:48 гэсэн хувилбараар явах уу гэдэг асуудал үүсэх нь. УИХ-ын 2012 оны сонгууль холимог тогтолцоогоор явагдаж, 28 хувь нь намын жагсаалтаар буюу сонгогчид нам сонгосон. Харин 48 хувь нь тойргоос буюу мажоритар системээр гарч ирсэн. Тойргоос, намын жагсаалтаар гэсэн нь сонгогчдын төдийгүй УИХ-ын гишүүдийг өөрсдийг нь талцуулж орхисон. Тухайлбал, тойргоос сонгогдсон гишүүд нь давуу эрх эдлэх гэж оролдсон явдал сонгуулийн дараагаар гарч байлаа. Бүр “хурууны шилнийхэн” гэж жагсаалтаар гарч ирсэн гишүүдийг нэрлэж ч байв. Харин энэ удаа сонгуулийн ямар тогтолцоо бидэнд хэрэгтэй вэ.

УИХ-ын 2016 оны сонгууль ямар дүрмээр явагдах вэ гэдгийг ирэх хаврын чуулганаар шийднэ. Ингэж шийдэхэд гол асуудлыг Ардын намынхан тавих нь тодорхой болоод байна. Ардчилсан намынхан засгаа унагааж, шинэ Засгийн газрыг байгуулахдаа УИХ-д суудалтай бүх нам, эвсэлтэй хамтарсан. Хамтрахад хамгийн хүндрэлтэй байсан нь мэдээж МАН. Тэд Засгийн газарт хамтарч орохдоо хэд хэдэн асуудлын талаар тохиролцсоны нэг нь сонгуулийн тогтолцоо аж. Сонгуулийн тогтолцоог 100 хувь мажоритар системийг дэмжихийг санал болгосон. Энэ ч утгаараа засагт хамтарсан гэрээний асуудлыг Ардын намынхан сөхөж тавих дуртай. Гэхдээ ирэх сонгууль дөхөх тусам нам, эвсэл бүр сонгуулийн систем дээр өөрсдийн байр сууриа илэрхийлж, асуудлыг гаргаж ирэх нь ойлгомжтой болов уу. Бүх нам сонгуульд хамтарч орохгүй нь тодорхой учир тэр шүү дээ.

УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө буюу 2011 онд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Нэлээд маргаж, мэтгэлцэж, зөвшилцсөний эцэст сонгуулийн пропорциональ системийг оруулж чадсан юм. Ардчилсан намынхны хувьд пропорциональ системээр явуулах нь зөв хувилбар гэдгийг мэдэрчихсэн. Харин энэ нь Ардын намынханд таалагдахгүй байгаа. Улс төрийн хоёр гол тоглогч дүрмээ тохирч чадахгүй гэдэг нь хуулийн төслийг хэлэлцэж эхлээгүй байхад л харагдаж байна. Иймд Сонгуулийн тухай хууль маргаан дагуулж, цаг хугацаа үрэх нь тодорхой. Гагцхүү Монгол Улсад 100 хувь мажоритар хэрэгтэй юу, пропорциональ систем чухал уу. Нэг үгээр хэлбэл, хүн сонгох уу, нам сонгох уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18775
0 эможи
keyboard_arrow_up