М.Нямбаяр: Хавраас дахин төлөвлөлтийн 20 барилгын ажил эхэлнэ

2015 оны 3 сарын 06

Нийслэлийн Засаг дарга “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай” А/151 дүгээр захирамж, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон нийтийн зориулалттай гуравдугаар ээлжийн 14 барилгыг дахин төлөвлөж, барилгажуулахаар болсон. Үүнд:Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5, 6, 7, 8, 16, 21, 22, 24, 27 дугаар байр, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1, 2, 5, 8, 9 дугаар орон сууцны барилгууд багтсан аж.

Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин төлөвлөх ажлын явцын талаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Нямбаяраас тодрууллаа.

-Дахин төлөвлөж, барилгажуулахаар болсон 14 шинэ барилгын ажил хэзээ эхлэх вэ?

-Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын 90 дүгээр тогтоолоор баталсан “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах журмыг хэрэгжүүлэгч байгууллагаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар ажилладаг. Энэ ажлын хүрээнд мэргэжлийн хяналтын газраас гаргасан ашиглалтын шаардлага хангаагүй 150 барилгын жагсаалт байдаг. Тэр жагсаалтыг үндэслэн дүүрэг дүүргээр нь ээлжлэн дахин төлөвлөн барилгажуулах ажлыг явуулж байгаа. Бид өмнө нь Хан-Уул дүүргийн 20 барилгыг дахин төлөвлөх шийдвэр гаргаад сонгон шалгаруулалт явагдсан. Одоогоор таван аж ахуй нэгж сонгогдоод гурван талт гэрээ байгуулах ажил явагдаж байгаа. Харин хоёрдугаар ээлжийн БГД-т байршилтай 39 барилгыг дахин төлөвлөн барилгажуулах шийдвэр гараад одоогоор сонгон шалгаруулалтын шатандаа явж байгаа. Өнөөдөр дахиад гурав дахь ээлжийн 14 барилгын жагсаалтыг танилцууллаа. Энэ хавраас эхний 20 барилгын ажил эхэлнэ.

-Хоёрдугаар ээлжийн 39 барилгын дахин төлөвлөн барилгажуулах ажлын сонгон шалгаруулалт хэзээ дуусах вэ?

-Сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 16 хүртэл хүлээж авна.

-Дахин төлөвлөлтөд орсон байранд амьдарч байгаа иргэд хаачих вэ?

-Сонгон шалгаруулалтаар сонгогдсон аж ахуйн нэгжүүд дахин төлөвлөлтөд орох гэж байгаа байрны иргэдтэй гурван талт гэрээ байгуулан түр амьдрах байраар хангана.

-Оршин суугчидын зүгээс хэрхэн хүлээж авч байгаа вэ?

-Оршин суугчид нь эсэргүүцсэн тохиолдол одоогоор бага байна. Мэдээж 20-оос дээш хувь нь зөвшөөрсөн тохиолдолд уг үйл ажиллагааг явуулна гээд журамд заасан байгаа.

-Шинэ байрандаа орохдоо хуучин метр квадратаараа орох уу?

-Одоо амьдарч байгаа байрнаасаа багагүй метр квадраттай талбайг үнэгүй авах боломжтой. Хэрвээ илүү метр квадраттай том байр сонирхож байгаа бол төсөл хэрэгжүүлэгчтэйгээ тохиролцоод байраа томруулах боломжтой.

-150 барилгыг дахин төлөвлөн барилгажуулахад хэдий хэр хугацаа орох вэ?

-Яг тодорхой хугацаа заагаагүй. Харин нэг дүүрэгт эхэлсэн барилгаа хоёр жилийн дотор дуусгах ёстой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18690
0 эможи
keyboard_arrow_up