Манай тамирчид дэлхийн шилдэгүүдтэй өрсөлднө

АНУ-ын Сан Диего хотод тавдугаар сарын 2-5-ны өдрүүдэд болох “Extreme memory tournament” ой тогтоолтын тэмцээнд манай улсаас таван тамирчин оролцохоор болжээ. Энэхүү тэмцээн нь дэлхийн шилдэг 24 тамирчны дунд халз явагддаг бөгөөд 76.000 мянган долларын шагналын сантай юм. Урьдчилсан шалгаруулалтанд манай улсаас Монголын оюун ухааны академийн есөн тамирчин өрсөлдсөнөөс ой тогтоолтын их мастер С.Цогбадрах, С.Акжол, чээж бодолтын дэлхийн цомын алтан медальт Т.Мягмарсүрэн, ой тогтоолтын өсвөрийн ОУ-ын аварга Т.Энхжин /нэг төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдэгч/ нар оролцохоор болсон байна. Манай улсын өндөр чансаатай тамирчид зарим шалтгаанаар оролцож чадаагүй аж. Тус тэмцээнд Германаас долоо, Швед, Англи, АНУ-аас тус бүр гурав, Филиппинээс хоёр, Норвегээс нэг тамирчин оролцох юм.









