Гадаад хэргийн сайд Женевт айлчилж байна

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ 3 дугаар сарын 4-нөөс НҮБ-ын Женев дэх төвд айлчилж байна. Сайд Л.Пүрэвсүрэн айлчлалынхаа эхний өдөр НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч ноён Майкл Мөллер болон НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссар ноён Заед Ра Ад Аль Хуссейнтай Үндэстнүүдийн ордонд тус тус уулзжээ.
Сайд Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч ноён М.Мөллертэй уулзахдаа Монгол Улс НҮБ болон түүний системийн байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид ч гүнзгийрүүлэн бэхжүүлэх сонирхолтой байгаагаа нотлов. Түүнчлэн Монгол Улс дэлхий дахинаа энх тайван, хөгжил, хүний эрхийг хөхиүлэн дэмжих үйлсэд хувь нэмрээ оруулан ажиллаж байгааг онцолсон байна.
