“Гэрлэх ёслолын ордон”-г хувьчилхаар зэхэж байна

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар “Гэрлэх ёслолын ордон”-г хувьчлах саналыг гаргаж, НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ. Харин хурлын төлөөлөгчид “Барилгын газарт шунан улмаар нурааж дахин өндөр барилга бариулах атгаг санаа байж магад, ганц жил ашиггүй ажиллаа гээд шууд хувьчилна гэх санал оруулж ирж байгааг гайхаж байна” хэмээн хувьчлах асуудлыг эсэргүүцэж буйгаа илэрхийлээд байгаа аж.
Гэрлэх ёслолын ордон 1976 оны зургадугаар сарын 14-ны өдөр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. Өнөөдөр энэ байгууллагад 27 хүн ажиллаж байгаа юм. Өнгөрсөн онд тус ордон нь 46 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Энэ асуудлыг гуравдугаар сарын 13-ны НИТХ-ын тэргүүлэгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцэслэн шийдэх юм.









