Монголд анх удаа багш, дасгалжуулагч бэлддэг боллоо

Манай улсад шатрын дасгалжуулагч нар бэлтгэх анги байдаггүй бөгөөд өнөөгийн тамирчин, дасгалжуулагчдын олонхи нь гадаадад тэр тусмаа хойд хөршид боловсрол эзэмшдэг байсан билээ. Тэгвэл Монголд анх удаа шатрын багш, дасгалжуулагчийг бэлтгэх нэг жилийн сургаллтай ангитай болжээ. Тодруулбал, МУБИС ийм ангитай болсон бөгөөд анхны анги 20 оюутантай юм байна. Шатрын багш, дасгалжуулагч болох сонирхолтой хүмүүс анхан болон дунд шатны мэдлэгтэй байхад хангалттай аж. Багшлах боловсон хүчин болон дэлхийд өрсөлдөхүйц чадвартай шатарчдыг бэлтгэн гаргах зорилготой энэхүү ангид гавьяат тамирчин, олон улсын мастер П.Мягмарсүрэн, П.Жигжидсүрэн, гавьяат багш Д.Ламжав, төрийн соёрхолт Р.Энхбат болон их мастерууд урилгаар хичээл заах юм. Энэхүү анги нь оюуны спорт сонирходог хүн бүхэнд нээлттэй гэнэ.









