Гайхамшигийг мэдрэх долоо хоног

“Монгол циркийн хөгжлийн төв”-өөс санаачилан зохион байгуулж буй олон улсын шилдэг циркчдийн хамтарсан хоёр дахь удаагийн тоглолт энэ сарын 23-нд нээлтээ хийхээр болжээ. Уг тоглолтонд АНУ, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, БНАСАУ, Украйн, Вьетнам зэрэх 12 орны өндөр зэрэглэлийн 60 гаруй жүжигчин шилдэг үзүүлбэрээ сонирхуулах гэнэ. Ховор үүлдрийн ухаантай ноход, сэргэлэн сармагчингийн дэггүй номер, Африкийн гурван метр урттай матрын сонирхолтой үзүүлбэрийг энэ жил үзэгчдийн хүртээл болгох аж. Үүнээс гадна циркийн хаан үзүүлбэр гэгддэг агаарын нислэг, амь өрссөн номеруудын нэг буюу 10 метр өндөртэй төмөр цагариг дээрх үзүүлбэр, илбийн гайхамшгуудыгг харах боломжтой. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жүжигчид манай улсад долоо хоног саатах юм байна. Тоглолтын тасалбар суудлын зэрэглэлээс хамаарч 15-30 мянган төгрөгийн үнэтэй.









