“Хүний төлөө-Зөв тус” аян улсын хэмжээнд эхэллээ

2015 оны 3 сарын 03

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд хэрэгжүүлэх “Хүний төлөө-Зөв тус” аян эхэллээ. Дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл үргэлжлэх энэ аян барилга, өргөх байгууламж, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, газрын тос зэрэг дэд бүтцийн салбарын удирдах ажилтнуудын хариуцлага, сахилга батыг дээшлүүлэх, барилгын чанар, аюулгүй байдлыг хангуулах, гарч буй осол аваараас урьдчилан сэргийлэх зорилготой юм.

Аяны нээлт “Шангрилла” зочид буудлын барилгын төслийн талбайд болж МХЕГ-ын дэд дарга Ю.Галсан, Б.Эрдэнэбилэгт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун болон холбогдох хяналтын газар, хэлтсийн удирдлага, улсын байцаагчид, “Эм Си Эс проперти” компанийн инженер, техникийн ажилтнууд оролцлоо.  

Аяны хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан акт, албан даалгавруудын биелэлтийг хангуулан ажиллахын зэрэгцээ дэд бүтцийн салбарын аж ахуйн нэгж, байгууллагад эрсдэлийн үнэлгээ тогтоон, ЗӨВЛӨН ТУСЛАХ үйлчилгээ үзүүлж, сургалт зохион байгуулан, улсын байцаагчдыг чадавхижуулна.

Сарын аяныг үйлдвэрлэлийн осол гарч буй салбаруудад зохион байгуулснаар аж ахуйн нэгж, байгууллагуудын дотоод хяналт, ажлын хариуцлага, сахилга бат дээшилж, болзошгүй осол аваар, эрсдэл, гэмтлээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Аюулгүй ажиллах нөхцөл хангагдаагүй бол зөрчлөө арилгах хугацаатай үүрэг даалгавар өгч, хэрэгжилтийг хангуулан, биелэлтэд нь хяналт тавина. Харин удаа дараа зөрчил гаргасан, өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг мөрдөж ажиллаагүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг холбогдох газруудад хүргүүлж шийдвэрлүүлэх зэрэг арга хэмжээ авах юм.  

Улсын хэмжээнд 2012-2014 онд нийт 1139 удаа үйлдвэрийн осол гарч 1212 хүн өртөн 194 хүн амиа алдсан байна. Үүний 50 орчим хувь нь барилга, уул уурхай, зам тээвэр, холбоо, эрчим хүчний салбарт гарсан бөгөөд технологийн процесс зөрчсөн, аюулгүй ажиллах арга барилд хангалтгүй суралцсанаас 126, уналт нуралтаас 148, техник, тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэлтэй холбоотойгоор 134 осол гарчээ.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18460
0 эможи
keyboard_arrow_up