Чой.Баттулга: Тугалыг нь тураагаагүй, эхийг нь эцээгээгүй л хууль болсон

2015 оны 3 сарын 02

МУИС-ийн монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш, “Монгол гэрийн сургууль”ТББ-ын тэргүүн Чой.Баттулгатай хийсэн ярилцлагыг толилуулж байна.

-Саяхан УИХ-аар Монгол хэлний тухай хууль хэлэлцэгдэн батлагдаж нийгэмд нилээн шуугиан тарилаа. Энэ талаар таны бодол?

-Энэ шинэ зүйл биш юм. Манай улс 2003 онд “Төрийн албан ёсны хэлний тухай” хуультай болсон.Уул нь муугүй хууль байсан. Үндэслэл, ач холбогдол энэ тэрийн талаар мэргэжлийн хүн ярилтгүй болтол ярьцгаасан даа ойрын үед. Манайхан  хэл шинжлэлийн өргөн мэдлэгтэй болцгоосон юмуу гэж ажиглагдсан. Товчхондоо, өмнөх хуулиас онцгой гойд өөрчлөлт гараагүй гэж хэлж болно.

-Яагаад?  Маргаан дагуулсан олон асуудал байгаа юм биш үү?

-Нэр өөрчлөгдсөн. Л.Түдэв гуай өмнөх хуулийн нэрийн талаар “Төрийн хэл” гэж байхгүй түмний хэл байна гэж шүүмжилсэн. Үүнийг тусгасан юм шиг байгаа юм. Хуучин хуулиар хэлний хэрэглээтэй холбоотой асуудлыг Засгийн газар, Соёлын асуудал эрхэлсэн сайд эрхэлж байсан бол Монгол хэлний тухай хуулиар ерөнхийлөгчийн дэргэд Хэлний бодлогын үндэсний зөвлөл гэж нэг бүтэцтэй болох юм байна. Ердөө иймэрхүү, бусад асуудал бараг хэвээр, зарим талаар дордсон. Хүмүүс өөр өөрсдийнхээрээ ойлгоод л тайлбарлаад маргаад байх шиг.

-Тухайлбал?

-Хүмүүс монгол бичигт шилжих нь гээд шуугиад байгаа … нарийндаа, 1990 оноос хойш өнөө хүртэл тодорхой хуулиар зохицуулагдаагүй явсан кирил үсгийг “кирил монгол” гэж нэрлэхийн зэрэгцээ төрийн хэргийг кирил монгол бичгээр хөтлөнө гэж хуулинд заасан байна. Харин ч кирил үсгийг хуульчилсан гэсэн үг. Тэгэнгүүт манайхан кирил, бас монгол бичгээр хөтлөх нь гээл цуурч өгч байгаа юм. Уг хуулинд монгол бичгийг үндэсний монгол бичиг гэж нэрлэсэн байгаа юм. Монгол бичиг бэлгэдлийн чанартай. Энэ талаар сэтгүүлч Ү.Хүрэлбаатар гуай тодорхой санал гаргасан. Хоёрт, Гадаад хэл заахыг хориглолоо гэж эндүү ташаа ойлголт. Монгол хэлний хуулинд бахь байдгаараа. Харин ч жирийн сургуулийн ардын хүүхэд л 5 дугаар ангиас гадаад хэл сурна гэсэн өрөөсгөл заалт орсон. Хоривол бүгдийг, үгүй бол ямар ч хэрэггүй заалт

-Эерэг зүйл заалт байхгүй гэж үү?

- Тугалыг нь тураахгүй Эхийг нь эцээхгүй гэгчээр өмчийн бүх хэлбэрийн сургуулийн 6-р ангиас монгол хэл заана. Их дээд сургуульд элсэгч, төрийн албанд шалгуулагчдын монгол хэлний шалгалтын агуулгын 4-ний 1 монгол бичгийн мэдлэгийг үнэлэхэд чиглэнэ гэх мэт заалт байна. Эдгээр нь өмнө байсан л зүйлүүд. Гэхдээ хуульчилсан нь сайн хэрэг л дээ.Чамлахаар чанга атга.

-Энэ хичээлийн жилээс их дээд сургуульд элсэгчдээс монгол хэлний шалгалт авна гэж байгаа.Энэ талаар хуулинд туссан уу?

-Хуулинд багш, сурган хүмүүжүүлэх ухааны чиглэлээр элсэгчдээс тусгайлсан монгол хэл бичгийн шалгалт авна гэж заасан байсан. Таны асуусан  шалгалт бол Засгийн газрын “Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай” 37-р тогтоолын дагуу авч буй шалгалт юм. Өнгөрсөн жил туршилт маягаар авсан. Улсын хэмжээнд хангалтгүй дүн үзүүлсэн гэж сонссон.

-Энэ талаар арай дэлгэрүүлж ярина уу.Одоо элсэлтийн шалгалтын бүртгэл эхэлсэн. Олон эцэг эх энэ талаар мэдээлэл дутуу байдаг. Хүүхдүүд ч мэдээлэлгүйгээс хохирох вий?

-Энэ жил ЭЕШ 3 сарын 21 нд монгол хэлний шалгалтаар эхэлнэ. Давтан шалгалт нь 4-р сард юм байна. Гэхдээ цаг нь тулсан байна. Монгол хэлний шалгалтандаа тэнцэхгүй бол өөрийн мэргэжлийн шалгалт өгөх эрхгүй болох юм билээ. Иймд тун анхааралтай хандах хэрэгтэй. Хүүхдүүдэд туслах үүднээс элсэлтийн шалгалтанд бэлтгэх түргэвчилсэн дамжаа хичээллэж байгаа юм билээ. Монгол хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль, менежер Н.Шинэбаатар, 99039848. Монгол хэл бичгийн шалгалтын агуулга нь ЕБС-ийн сургалтын агуулгаасаа зарим талаар зөрж байгаа тул энэхүү дамжаа нь зөвхөн Монгол хэлбичгийн шалгалтанд бэлтгэх л зорилготой юм билээ.

-Шалгалтын зорилго нь юу юм бол?

-Эх хэлний үнэлэмжийг нэмэгдүүлэх гэсэн нэг арга юм даа. Гэхдээ хэлний асуудлыг хуулиар шийднэ гэдэг эргэлзээтэй асуудал. Ер нь их дээд сургуульд элсэгчдээс шалгалт авснаар ч хэлний дархлаа сайжирдаг ч юм биш. Монгол хэлний сургалтын зорилгыг зөв тодорхойлж, анхан шатнаас нь зөв тогтолцоотой  явуулах нь чухал байна. Бид хараахан тэгэж чадахгүй байна. Хүлээн зөвшөөрөх ёстой.

-За танд баярлалаа.

-Та бүхэнд баярлалаа, Шалгалтандаа сайн бэлтгээрэй

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18438
0 эможи
keyboard_arrow_up