Үйлдвэрийн ослыг бууруулах аяныг хэрэгжүүлнэ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Хүний төлөө – Зөв тус” сарын аяныг гуравдугаар сарын 02-ноос эхлэн улс орон даяар зохион байгуулахаар болжээ. Энэхүү аян нь эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, газрын тос зэрэг дэд бүтцийн салбарын удирдах ажилтнуудын хариуцлага, сахилга батыг дээшлүүлэх, барилгын чанар аюулгүй байдлыг хангуулах, гарч буй осол аваараас урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах, зорилготой аж.
Улсын хэмжээнд 2012-2014 онд нийт 1139 удаа үйлдвэрийн осол гарч 1212 хүн өртөн 194 хүн амиа алдсан байна. Үүний 50 орчим хувь нь барилга, уул уурхай, зам тээвэр, холбоо, эрчим хүчний салбарт гарчээ. Үүний гол шалтгаан нь технологийн процесс зөрчсөн, аюулгүй ажиллах арга барилд хангалтгүй суралцсанаас болон техник, тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэлтэй холбоотойгоор байдаг аж.
Бүтэн сар үргэлжлэх уг аяны үеэр МХЕГ-аас аюулгүй ажиллагааг хангуулах талаар аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлсэн акт, албан даалгавруудын биелэлтийг хангуулан ажиллах юм байна. Мөн дэд бүтцийн салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудад эрсдэлийн үнэлгээ тогтоон, ЗӨВЛӨН ТУСЛАХ үйлчилгээг үзүүлж, сургалт зохион байгуулан, улсын байцаагчдыг чадавхижуулах аж. Энэхүү аяныг үйлдвэрлэлийн осол гарч буй салбаруудад зохион байгуулсанаар нийт аж ахуйн нэгж, байгууллагуудын дотоод хяналт, ажлын хариуцлага, сахилга бат дээшилж, болзошгүй осол аваар, эрсдэл, гэмтлээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой гэнэ. Түүнчлэн аяны явц, үр дүнгийн талаарх мэдээллийг нэгтгэн долоо хоног бүрийн Баасан гаригт мэдээлэхээр болжээ.









