Ц.Ширэндэв: Хуурайшилтын үе дуустал Богдхан ууланд аялахыг хориглосон

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэвтэй ярилцлаа.
-Богдхан уулын захиргаанаас ирэх зургадугаар сарын 15- ны өдөр хүртэл тус ууланд аялж, зугаалахыг хориглосон захирамж гаргасан. Яагаад ийм захирамж гаргах болсон талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Богдхан уулын Түр хурхын аманд энэ сарын 4-ний өдөр ой хээрийн түймэр гарсан. Мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлстийн алба хаагчид болон тус уулыг хамгаалах захиргаанаас 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг гарч ажиллаж галын голомтыг бүрэн унтраасан. Энэхүү Түр хурхын ам нь наран тал руугаа харсан энгэр бөгөөд өвс ихтэй, сийрэг модтой ам. Нийт 20 га газарт түймэр гарсан. Гал унтрааж буй алба хаагчид ядрах, өлсөх, цангах, өвлийн цагт нимгэн хувцастай ажиллах боломжгүй зэрэг хүндрэл үүссэнийг эс тооцвол сайн ажиллалаа. Урьдчилсан мэдээгээр галын шалтгааныг хуурайшилтаас үүссэн байж болзошгүй гэсэн. Учир нь, энэ жил харьцангуй дулаан өвөл бол энэ хэрээр хуурайшилт ихэссэн. Хоёр сард түймэр гарсан нь бараг анхны тохиолдол энэ. Өмнөх жилүүдэд гарч байсан ч ийм том хэмжээний газар хамарсан түймэр гарч байгаагүй. Тиймээс манай захиргаанаас ирэх зургадугаар сарын 15-ны өдөр хүртэл Богдхан ууланд аялж, зугаалахыг хориглосон захирамж гаргаад байна. Ер нь энэ хоорондох хугацааг хуурайшилтын идэвхтэй үе гэж нэрлэдэг.
-Хуурайшилтын идэвхтэй үед хэдий хүртэлх хугацаа хамаарах вэ?
-Ер нь байгаль хамгааллын тухай хуульд хавар зургадугаар сарын дунд үе буюу бороо орж газрын хөрс чийг даах хүртэлх үеийг хуурайшилтын идэвхтэй үе гэж нэрлэдэг. Урин дулаан цаг ирж иргэд агаар салхинд гарах нэрийдлээр ууланд их гардаг. Энэ үеэр манай хамгаалагчид иргэдийг аль болох ууланд гаргахгүй байх талаар арга хэмжээ авахаар төлөвлөөд ажиллаж байна. Учир нь тамхи татах, мах шарахаар гал түлдэг. Ингэхдээ гал алдахыг үгүйсгэхгүй. Малчид төдийгүй ард иргэдийн хувьд өнтэй, цас багатай дулаан сайхан өвөл болж байна. Зарим газар нь харын зуд болж байгааг холбогдох мэргэжилтнүүд хэлсэн. Энэ хэрээр хуурайшилт үүсч ой хээрийн түймэр гарах тохиолдол ихэсдэг. Өдийд хамгийн багадаа хөл тушах 40-50 см цастай байх ёстой. Гэтэл зарим газар таван см хүрэхтэй үгүйтэй алаг цоог байна. Ийм үед газрын хөрс, модны хожуул галд орвол доошоо цонож маш хурдан хугацаанд гал авалцаж түймэр болох тохиолдол элбэг байдаг. Өнгөрсөн намар бороо багатай байсан учраас газрын хөрс хуурай байгаа. Иймд иргэд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.
-Шинийн нэгний өглөө иргэд Хийморийн овоо, Цэцээ гүнд гардаг. Үүнээс үүдэн ой хээрийн түймэр гарах магадлал ихэсдэг үү?
-Сар шинийн баяраар иргэд хийморийн овоонд гарах, нар үзэхээр Богдхан ууланд гардаг Энэ нь зөв л дөө. Жилд нэг удаа хийморийн овоонд гарч тухайн жилийнхээ анхны нарыг харах сайхан. Гэхдээ иргэд ганц зүйлийг ойлгох хэрэгтэй. Иргэн хүний хувьд байгаль дэлхийгээ шүтэн, сүсэглэн дээдэлж чадаж байгаа юм чинь тэр хэрээр анхаарал болгоомжоо сайжруулах хэрэгтэй. Учир нь энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад хуурайшилт ихтэй, цас багатай өвөлж болж байна. Иргэд овоо, тахилгадаа гарчихаад арц, хүч угиулах, түүдэг гал асаачихаад бүрэн унтраалгүй буцдаг. Ийм зүйл жил болгон ажиглагддаг. Шинийн нэгний өглөө Хийморийн овоо, Цэцээ гүний оргил дээр гарах хүн жил ирэх тусам нэмэгдэж байна. Монголчууд гурван сая иргэнтэй боллоо гэж баярлах юм. Энэ нь зөв хүн ам өснө гэдэг нь сайхан зүйл. Гэтэл манай улсын хүн амын гуравны хоёр нь нийслэл хотод суурьшдаг. Үүний арван хувь нь уул овоондоо гарлаа гэхэд 200 мянган хүн болно. Жил ирэх тусам уул овоо зорих иргэдийн тоо нэмэгдэж байна. Үүнийхээ хэрээр байгаль экологи болон түүхийн дурсгалт газар хүний хөлд дарагдаж устаж үгүй болох тэнцвэрт байдал алдагдах зэрэг сөрөг үр дагавар гарч байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад хүний тоо нэмэгдсэн ч иргэд уул овоогоо цэвэр байлгах, бие биенээ хүндлэх зэрэгт ард иргэд зөв боловсон хандаж байгаа дүр зураг ажиглагдаж байна. Эдгээр хүнд манай алба хаагчид санамсаргүй гал алдах, арц хүж угиулчихаад унтраахгүй явах зэрэгт нь анхааруулга, сэрэмжлүүлэг өгч ажиллалаа.
-Богдхан уул нийт хэчнээн амтай вэ?
-Нийт 26 амтай. Үүний 23 нь томоохон ам бөгөөд иргэд байнга очдог гэсэн судалгаа бий. Ам болгонд нэг байцаагч ажилладаг. Зайсан, Нүхт, Их, Бага тэнгэр, Түр хурхын, Шашин хурхын, Жаргалант, Арцтын зэрэг амыг иргэд сайн мэддэг бөгөөд амарч зугаалах, агаар салхинд гарах нь их.
-Дээрх амуудад зориулалтын хогийн савны хүрэлцээ хэр байгаа вэ. Аялж зугаалж буй иргэдийг хогоо хогийн саванд хийх хэрэгтэйг байнга анхааруулж байгаа нь сайн хэдий ч түүний хэрээр цэвэр байлгах орчин, нөхцөл боломж дээр хэр анхаарч ажиллаж байна вэ?
-Аливаа зүйл хийхдээ бие биенээ шүүмжилж муулах биш. Хүн бүр дор бүрнээ байгаль дэлхийгээ хайрлах ухамсарт төлөвших хэрэгтэй. Үгүй ядаад нэг хүн татсан тамхины иш, уусан ундааныхаа савыг ил задгай хаяхгүй зориулалтын хогийн саванд хийвэл байгаль экологи цэвэр байна. Ганц овоо, тахилгадаа гарахдаа биш гадаа, олон нийтийн гудамж талбай хаана ч явж байсан ч нэг ширхэг хог хаяхгүй байх нь цэвэр орчин бүрдэх таатай нөхцөл болно. Эдгээр амд зориулалтын хогийн савны хүрэлцээ хангалтгүй байгаа. Үүнийг үгүйсгэхгүй. Өнөөдрийн байдлаар яг тоог нь тодорхой хэлж мэдэхгүй ч ер нь бол цөөн тооны зориулалтын хогийн сав байрлуулсан. Цөөхөн хэдэн тооны хогийн цэгтэй. Жил ирэх тусам агаар салхинд гарч амарч зугаалах сонирхолтой иргэдийн тоо нэмэгдэж байна. Энэ хэрээр болдог бол хогийн сав байрлуулмаар санагддаг. Гэвч санхүү мөнгөний хувьд бэрхшээлтэй тулгардаг. Энэ асуудал харьяа яам агентлаг нь тодорхой хэд хэдэн санал дэвшүүлж байгаа.
-Тусгай хамгаалалттай дархан цаазат газарт иргэдийн амрах, зугаалах тодорхой явах зам, маршрут гэж байдаг уу?
-Иргэдэд амралтын зориулал- таар аялах таван маршрут байдаг. Үүнээс гурав нь иргэдийн хамгийн их очдог хэсэг. Зайсан, Түр хурх, Мандчирын хийд, Чулуут руу иргэд хамгийн их зорчдог. Эдгээр маршрутын дагуу тодорхой явах зориулалтын зам, амрах цэг, хоол цай хийх газар, хогийн сав байршуулах газрыг тусгайлан гаргаж өгөөгүй. Энэ нь эргээд иргэд хамаагүй явах, дур мэдэж зам гаргах сөрөг үр дагаврыг бий болгож байна. Үүнийг зохицуулах хүсэлтийг холбогдох газарт хүргүүлсэн. Одоохондоо шийдвэр нь гараагүй л байна.
-Богдхан уулын зарим аманд их хэмжээний дутуу шатсан мод болон модны үндэс байдаг. Энэ нь байгалийг нөхөн сэргэхэд муугаар нөлөөлдөг юм шиг санагддаг. Үүнийг цэвэрлэх тал дээр ямар арга хэмжээ авч ажилладаг вэ?
-Тусгай хамгаалалттай дархан цаазат газрын тухай хууль гэж байдаг. Энэ хуульд цэвэрлэж болдог, болдоггүй газрыг зааж өгсөн. Тухайлбал, хамгаалалт болон хязгаарлалтын бүсийг цэвэрлэж болно гэж заасан байдаг. Тусгай хамгаалалтай дархан цаазат газрыг орчны, хязгаарлалтын, хамгаалалтын, онгон бүс гэж дөрөв ангилдаг. Уулын хаяанд нийлж буй газар орчны бүсэд хамаарна. Хязгаарлалтын бүс нь хүн амьдарч болох газар, хамгаалалтын бүс нь улсын тусгай хамгаалалтад байдаг газар ордог. Онгон бүс нь уулын орой хэсэг газрыг хэлдэг. Энэ мэтчилэн тусгай хамгаалалтай дархан цаазат газрыг ангилдаг. Их, Тэнгэр, Нүхт зэрэг амыг цэвэрлэж болохгүй. Учир нь уулын орой хэсэг нь нялх мод ихтэй. Жил бүр цэвэрлэж болдог газрыг цэвэрлэдэг. БОНХАЖЯ- наас цэвэрлэх газрын хэмжээг зааж өгдөг. Нэг үгээр хэлбэл, жилд цэвэрлэх газрын хэмжээ тогтоож өгдөг. Цэвэрлэгээнээс гарсан модны захуудад зарж иргэдийн түлшний хэрэглээг хангадаг. Өнгөрсөн жилийн хувьд цөөхөн хэдэн га газар цэвэрлэсэн. Энэ жил цэвэрлэх газрынхаа хүсэлтийг яамд хүргүүлсэн.









