Монгол дээлээ өмсөж мандах нартай золгоорой

2015 оны 2 сарын 18

Хоёр хоногийн дараа монгол түмэн мэндийн цэнхэр хадаг өргөн ахан дүүстэйгээ золгох уламжлалт сар шинийн баяр болох гэж байна. Монголчууд бид энэ баяраараа үндэсний дээл, хувцсаараа гангардаг болоод удаж байна. Сүүлийн үед дээлнүүдийн загвар хийц улам бүр боловсронгуй болж орчин үеийн хэв маягтай хослуулан гайхалтай урнаар урлан бүтээдэг болжээ.

Аливаа улс үндэстэн болгон өөр өөрийн гэсэн ёс заншилтай. Энэ нь тухайн улсын үндэсний хувцсаар илэрч байдаг билээ. Гэхдээ энэхүү үндэсний хувцас нь он жилүүдийн урт хугацаанд хувьсан өөрчлөгдөн цаг үеийнхээ нийгэм, соёл шинжлэх ухаан, техникийн хөгжил зэргийн нөлөөнөөс хамааран олон өвөрмөц хэв маяг хэлбэр донжийг бүрдүүлэн бий болгож байна. Монгол дээлний хувьд манай орны цаг уурын нөхцөл болон дөрвөн улирлын байдалд зохицсон өөр өөрийн хэв маяг, хийцийг шингээсэн байдаг.

Тэгвэл дээл гэсэн үгний учир нь монгол бичигт “дэбэл”, ойрадын аялгуунд “дэвэл”, буриад аялгуунд “дэгэл, дэглэй”, халх өвөрлөгчийн аялгуунд “дээл”, монгол хэлэнд “диээр” гэх бөгөөд энэ үгийг язгуур “дэв, дэб” гэсэн үг байдаг юм байна. Энэ нь ”дэвших, дээгүүр, дээр” гэсэн утгатай бөгөөд “дээгүүр нөмөрдөг юм” гэсэн агуулгатай ажээ.

Дээл нь Монгол орны эрс тэрс уур амьсгалд зохицсон, мал аж ахуй эрхэлж нүүдэллэн аж төрдөг нөхцөлтэй ихэд уялдсан хэлбэр маягтай.

Өөрөөр хэлбэл, урдуураа битүү зөрдөг энгэр нь өврөөр салхи оруулахгүй, юм өвөртлөхөд тохиромжтой, дээлний нударга нь гар хамгаалах болон юм барих жийрэг болдог морин дээр удаан явахад ч биед түшигтэй юм.

 

Монгол гэсэн үндэсний өв соёл, ёс уламжлалыг дэлхийн улс оронд таниулан сурталчлах нэгэн хэлбэр бол яах аргагүй үндэсний дээл хувцас билээ. Тиймээс Үндэсний гэх баяр наадмаар л өмсдөг болсон гэхэд хилсдэхгүй дээлээрээ гангарч дэлгэсэн тэрлэг шиг монгол нутгийнхаа өв соёлыг дэлхийд сурталчлах боломж бидэнд бий.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17911
0 эможи
keyboard_arrow_up