ЦАГААН САР: Сар шинийн баяраар эхнэр нөхөр хоёр золгодоггүй
.jpg)
Хадагтай золгох ёсон
Хадаг барих золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүрмөсөн өгч золгодог бол ахмад настай хүн хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Нас чацуу хүмүүс гар гарын бугуйгаар зөрүүлэн золгоно. Гэрийн эзэн гэргийтэйгээ золгодоггүй. Учир нь гэр бүлийн хоёр хүний бие сэтгэл нэгэн ертөнц гэж үздэг байна. Хөл хүндтэй бүсгүйчүүд хоорондоо золгодоггүй нь тээж байгаа үрийн хүйс солигдоно гэж цээрэлдэг байна.
Хадаг барих ёсон
Монголчуудын баяр ёслолд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгүй байдаг. Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, сар, үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэдэг. Хадгийг барих хүнрүүгээ амыг нь харуулж хүндийн эрэмбээр мэхийх юм уу, сөгдөж барина. Авах хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямгадах ёстой Хадгийг барихдаа тухайн баяр ёслолын талаар бэлгэ дэмбэрэлтэй үг хэлдэг.









