Б.Баярсайхан: Монгол хүлээн зөвшөөрөгдөхөөр барилгын стандарттай
Барилга хөгжлийн төвийн Барилга захиалагчийн хэлтсийнхэн улсын төсвийн болон зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээний ажлын барилга байгууламжийг төлөвлөх, барих, засварлах, өргөтгөх ажлын гүйцэтгэх нөхцөлийг зохих ёсоор бүрдүүлж эхлүүлэх үүрэгтэй.
Мөн батлагдсан зураг төсөл, техник технологийн нөхцөлд нь хяналт тавьж баталгаажуулах, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийг үр ашигтай зарцуулж төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахтай холбоотой ажлуудыг гүйцэтгэдэг. Харин Норм, нормативын хэлтэс барилгын салбарт хамаатай норм нормативийн чиглэлийн үйл ажиллагаанд анхаардаг. Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан “Барилгын салбарт нийтдээ 997 норматив баримт бичиг мөрдөгдөж байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан барилга угсралтын процесс эдгээр баримт бичгийн хүрээнд явах бүрэн боломжтой. Сүүлийн үед аваар осол гарахад норм, норматив, стандартаас боллоо гэж их ярих болсон. Миний хувьд санал нийлдэггүй. Учир нь манай стандарт нормын тулгуур суурь баримт бичгүүд хоцрогдоогүй. Харин ч бид өмнө нь аюулгүй байдалд талдаа илүү анхаарч байсан улс. Барилга угсралтын үндсэн процесс өрнөхөд манай улсын норм дүрэм, стандарт хангалттай. Монгол дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхөөр үндэсний стандарттай орон. Барилгын салбарынхан маань шинэ дэвшилтэт технологийг хурдтайгаар оруулж ирдэг. Норм дүрэм стандарт боловсруулах ажил төвөгтэй учраас хурдыг нь гүйцэхгүй талдаа байх нь бий. Бизнес эрхлэгчдийнхээ хурдыг гүйцдэггүй юм гэхэд ойртож ажиллахыг зорьдог. Харин өнөөдөр мөрдөгдөж буй 997 баримт бичгийг сурталчлах, барилгын талбай дээр ажилладаг ажилчид, инженер техникийн ажилтнуудад хүргэх тал дээр төр засаг, ажил олгогч эзэд анхаарч хөрөнгө мөнгө гаргах шаардлагатай” гэж ярилаа.
Барилга, Барилгын материалын хэлтсийн хувьд төрийн бодлогын хүрээнд боловсруулсан хөтөлбөр, төсөл болон салбарын техник технологийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад оролцож, мэргэжлийн туслалцаа үзүүлдэг. Орон сууц, нийтийн аж ахуйн хэлтсийн анхаарч ажилладаг гол чиг нь нийтийн аж ахуйн салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, сурталчлах, хэрэгжүүлэх. “Ус” үндэсний хөтөлбөр, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, “Ногоон хөгжлийн бодлого”, “Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөр” зэрэг төсөл хөтөлбөрийг энэ хэлтсийнхэн боловсруулсан юм. Мөн орон сууцны хувьчлалын ажлыг улсын хэмжээнд мэргэжил арга зүйн удирдлага, зохицуулалтаар ханган ажиллаж байна. Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд өсч байгаа гэсэн таатай мэдээг тус хэлтсийнхэн онцолж байна. 2014 оны байдлаар барилга байгууламж, инженерийн шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөх, шинээр барих, зураг төсөл боловсруулах зэрэг 68 төсөл арга хэмжээнд 171165 сая.төгрөгийн санхүүжилтээр техник технологийн шинэчлэлт хийгдсэн нь 2013 онтой харьцуулахад 1.18 дахин өсчээ.