Уул, овоондоо зөв зохистой хүндэтгэл үзүүлэхийг уриаллаа

2015 оны 2 сарын 12

Уламжлалт цагаан сарын баяр болох гэж байгаатай холбогдуулан БОНХАЖЯ-наас уул, овоо, хангай дэлхийдээ зөв зохистой хүндэтгэл үзүүлэхийг уриалж хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хуралд Зүүнхүрээ Дашчойлин хийдийн Тамгын лам Ц.Алтанхүү, Богдхан уулын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэв болон ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун, Хан Хэнтийн Тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтэн Д. Дүгэрсүрэн, Төрийн их зайран Б.Бямбадорж нар оролцож, уул овоондоо зөв зохистой хүндэтгэл үзүүлэх уламжлалт ёсны талаар ярьж, иргэддээ уриаллаа.

Иргэдийн уул овоондоо хүндэтгэл үзүүлэх уламжлалт зан үйл сүүлийн жилүүдэд алдагдаж, сайн сайхныг бодож хийсэн зан үйл нь эргээд байгаль орчинд сөргөөр нөлөөлөх болсон. Тиймээс уул овоондоо мөргөж залбирахдаа аль болох уламжлалт ёсоо барихыг БОНХАЖЯ-наас ард   иргэддээ уриаллаа.

Зүүнхүрээ Дашчойлин хийдийн тамгын газрын лам Ц.Алтанхүү “ Уул, овоондоо хүндэтгэл үзүүлж, тахихдаа сайн үйлсийг бодож хийдэг ч зарим зан үйл хэт хавтгайрч, байгаль дэлхийд сөрөг нөлөө үзүүлэх болсон” гэв. Тухайлбал, шинийн нэгэнд Хийморийн овоон дээр гараад цай, сүү, архины дээжээ хангай дэлхийдээ өргөхдөө цацлаар бус савны бөглөөгөөр өргөдөг. Улмаар бөглөө зэргээ хог болгоод хаячихдаг байж болохгүй гэлээ.

Мөн сүүлийн жилүүдэд хадаг, хийморийн дарцаг хүндэтгэлийн эд зүйл гэхээсээ хэрэглээ болсон талаар доктор С.Чулуун хэллээ. Сүүлийн үед хадагний хүндэтгэлт байдал алдагдаж, 1990 оноос хойш хэрэглээ мэт болсон гэж доктор С.Чулуун үзэж байна. Түүний хэлснээр, байгаль хамгаалах уламжлалт зан үйлд хадаг, хийморийн дарцгийг модонд уядаг зан үйл байдаггүй байжээ. Сүүлийн жилүүдэд иргэдийн дунд хавтгайрсан энэ үзэгдэл модны ургалтыг зогсоохоос гадна эргээд байгаль орчиндоо сөргөөр нөлөөлөх болсон гэлээ. Учир нь сүүлийн үед хадгийг нефьтийн шаараар хийдэг болсноос байгальд элэгдэж, шингэхээ больжээ.  

Түүнчлэн Богд уулын Төр хурахын аманд түймэр гараад найм хонож байгаа. Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэв, энэ жил урьд жилүүдийнхээс илүү хуурайшилттай жил болж байгаа учраас өвлийн цагаар түймэр гарч, унтраахад бэрхшээл учирч байгааг хэллээ. Тиймээс ард иргэдийг уул овоонд гарахдаа гал асаахгүй байх, тамхины иш болон хог хаягдал хаяхгүй, анхаарал болгоомжтой байхыг уриаллаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17593
0 эможи
keyboard_arrow_up