Жигнүүрт дэвсдэг гялгар уут гэдэсний савханцар үүсгэдэг

Сар шинийн баярын гол хоол бол бууз. Тиймээс ихэнх айлууд буузыг жигнэхдээ ёроолыг нь жигнүүрт наан үлдээхгүйн тулд жигнүүр дээрээ гялгар цаас хайчлан тавьдаг. Үүнээс гадна жигнүүрийн цаас гээд зориулалтын хэв гарган хайчилсан гялгар цааснууд ч “Нарантуул” гэх мэт томоохон худалдааны төвүүдээр нимгэн зузаанаасаа шалтгаалан 500-1000 төгрөгөөр худалдаалагддаг. Энэ нь хүний эрүүл мэндэд хор нөлөөтэй байдаг аж. Тодруулбал Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төв лабраторид хийсэн шинжилгээгээр гялгар уутны 20 хувь нь нянгаар бохирлогдсон байдаг бөгөөд 10-15 хувийг гэдэсний савханцар үүсгэгч нян эзэлдэг гэсэн дүн гарчээ.
Гялгар уут нь өндөр хэмийн халуунд хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж формалдегид, бензил, тлуол зэрэг олон төрлийн органик уусгагч ялгаруулж, тэр нь хүнсэндээ шингэж элэгний хорт хавдар, ходоодны шархлаа үүсгэх нөхцлийг бүрдүүлдэг байна.









