СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхдээ гэртээ ганцааранг нь үлдээхгүй байхыг анхааруулав

Баярын өдрүүд ойртож буйтай холбоотойгоор орон сууцны хулгайн гэмт хэрэг эрс нэмэгдэж байгааг ЦЕГ-аас анхаарууллаа. Учир нь гэмт этгээдүүд бага насны хүүхдийг бага насны хүүхдийг гэртээ ганцаараа байхад нь “Цонхнуудын чинь хэмжээг авах гэсэн юм”, “Халуун ус байвал мөнгөөр нь авъя” гэх зэрэг үг хэлж анхаарлыг нь сарниулан алт мөнгөн эдлэл, хөөрөг, зөөврийн компьтер зэрэг эд зүйлсийг нь хулгайлах явдал их гарчээ. Тодруулбал, 15 настай О нь бусадтай бүлэглэн ийм хэрэг үйлддэг болохыг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид илрүүлжээ. Мөрдөн байцаалтын явцад дээрх аргаар 29 айлаас хулгай хийсэн нь тогтоогдсон байна.
Тэд хулгайлсан эд зүйлсээ Хар-Хорин, Нарантуул зэрэг зах дээр аваачин, зарж борлуулдаг байсан аж. Эмээтэйгээ амьдардаг 15 настай хүүг анх С гэх таньдаг ах нь энэ хэрэгт, буруу зам руу уруу татжээ. Эцэг, эхийн хараа хяналтгүй, настай хүний асрамжинд байдаг хүү ийнхүү томчуудаар заалгасан залилан мэхлэх аргаараа мөнгө олж олон айлыг хохироосон байна. Иймд бага насны хүүхдээ гэртээ ганцааранг нь үлдээхгүй байхыг Цагдаагийн байгууллагынхан иргэдэд анхаарууллаа.









