Цагаан сарын буузаа хэрхэн хөлдөөх вэ

Энэ өвөл дулаахан байгаагаас иргэдийн хувьд сар шинийн буузаа хөлдөөх нь хийхээсээ хэцүү ажил болсон. Ус цаг уур орчны хүрээлэнгээс гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээнээс харахад баярын өмнөх өдрүүдээр баруун аймгуудын нутгаар дунджаар 23-28 градус хүрч хүйтрэх бол төвийн нутгийн зарим аймагт энэ сарын эхэнд хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө 36-41, өдөртөө -19 градус хүйтэн байх төлөв гарчээ. Говийн аймгуудад сарын эхний хагаст 8-13 градус, Дундговь, Дорноговь аймгийн зарим хэсгээр 15-20 градус хүйтэн байх нь. Харин зүүн аймгуудаар 15-20 градус хүйтэн хононо. Тиймээс цагаан сарын буузаа энэ долоо хоногт хийж болох аж.
Цагаан сарын буузаа хэрхэн хөлдөөх, бууз ер нь хэр хүйтэнд хөлддөг талаар “Хаан хүнс” компанийн үйлдвэрлэлийн албаны менежер Т.Гантөр “Манай компани үйлдвэрлэлийн нөхцөлд бууз, баншаа -25-30 градуст 2-3 цаг хөлдөөдөг. Үйлдвэрлэлийн нөхцөлд хасах температурыг нэмж илүү хурдан хөлдөөх боломжтой. Харин иргэдийн хувьд гадаа хэр хүйтэн байхаас болон хэмжээнээс нь хамаарч буузных нь хөлдөх хугацаа өөр байна байх. Гадаа -20 градус хүрэхгүй байсан ч бууз хөлднө. Гэхдээ удна. Мөн буузыг гадаа удаан тавихаар гурил нь хагардаг” гэв.









