Өнөөдрийн сэдэв: Вьетнамчууд

2015 оны 1 сарын 22

Олон нийтийн сүлжээний өнөөдрийн сэдэв вьетнамчууд байлаа. Монгол охидуудтай зугаацаж, хөдөлгөөнт эргүүлийн машин унасан, цагдаагийн бороохой гартаа барьсан, нохойны боодог хийж, идэж байгаа зэрэг дүрс бичлэг, зургаа тэд фэйсбүүктээ нийтэлсэн байна. Түүнийг нь “эх оронч” сэтэртэй залуус олон нийтийн сүлжээгээр тарааж, манай цахим хэвлэлийнхэн буюу сайтууд үг, үсгийн зөрүүтэй хуулбарлан цацав.

Мэдээлэлд дурдагдсан үг, өгүүлбэр нь охидыг доромжилсон аястай, уншигчдын бичиж үлдээсэн сэтгэгдэл түүнээс ч илүү аймшигтай байлаа. “Вьетнамчуудын гудас, дэвсгэр, я...., п.........” хараалын үгс, ална, хядна гэсэн заналхийлэл. Монголчууд минь ямар их бухимдалтай, ямар аймшигтай харгис болчихоо вэ гэж халагламаар. Нэг талаас нь харахад үнэхээр ч 20 хүрээгүй гэмээр охид гадныхантай архидан, согтуурч, биеэ үнэлж байгаа нь гутамшигтай. Монгол төрийн цагдаагийн хувцас сэлтийг гамгүй ашиглаж зураг, хөргөө авахуулсан Вьетнамчуудыг зүхэж, хараамаар санагдах. Гэвч асуудлын гол нь юундаа байна вэ.

Фэйсбүүк, твиттерийн хэрэглэгчид төдийгүй уншигчид, Монгол даяараа тэднийг харааж, зүхлээ, элдвээр доромжиллоо. Гэвч эцсийн үр дүн нь юу юм бэ. “Эх оронч” сэтэртэй бүлгэмийн залуус зодлоо гээд Вьетнамчууд монголоос дайжих уу, тэднээс илүү машин засварлаж чаддаг нь хэд байгаа билээ, доромжиллоо гээд дээрх охид ухаажих уу, томоожих уу. Үнэндээ биеэ үнэлж байгаа охидын цаана ямар амьдрал байгааг доромжилж байгаа уншигчид ч мэдэхгүй, цахим сайтын сэтгүүлчид ч хараагүй.

Зүгээр л сэтгэлийн хөөрлөөр, сайтынхаа хандалтыг өсгөх гэсэн өчүүхэн эрх ашгийн цаана хүний амь, амьдрал, нэр, төр байгааг тэд мэдсэн ч мэдээгүй юм шиг аашиллаа. Энэ талаархи мэдээлэл цацагдсаны дараахан зураг нь цацагдсан охидын нэг нь амиа хорлохыг завдсан талаар мэдээлэл ирлээ. Дэлхий даяар зураг, хөрөг нь цацагдсан байхад хэн бүхэнд хэцүү санагдана.

Найз нөхдөөс эхлээд эцэг, эх, гэр бүлийн хүрээнд ямар дарамт ирэх нь ойлгомжтой. Хүн бүхэн биеэ үнэлэгч, зах, замбараагүй охин хэмээн доромжилно. Хэчнээн биеэ үнэлэгч байсан ч хүн гэдэг үүднээс нь яагаад хандаж болдоггүй юм бэ. Ирээдүйд хэзээ нэгэн өдөр эх хүн болно, айлын эхнэр, эзэгтэй болно шүү дээ. Тэр цагт ёстой л өнөөх муу нэрийг хусавч арилахгүй гэдгийг горыг амсах биш үү.

Үнэхээр Вьетнамуудыг үзэн ядаж байгаа бол өөрсдөө тэднээс илүү засварын газар нээгээд ажиллуулах нь яасах юм бэ. Бид тэгж чадаагүй нь үнэн. Авто, кузов засварын зах зээлд бид өөрсдөө орон зайгаа баттай эзэлж чадсан байсан бол тэд хэзээ ч ингэж дураараа авирлаж чадахгүй байсан шүү дээ. Монголчуудад боломж байсан уу гэвэл байсан, одоо ч байгаа. Эх орондоо өөрсдөө эзэн байя. Түүнээс биш харааж, зүхэж, доромжлохдоо биш.

“Хөх Монгол” нь байна уу, ямар монгол нь байна бид өөрсдөө эх орондоо эзэн нь байх учиртай. Яг л Х.Тэмүүжингийн “нялх амраг”-аар тодорсон Г.Сарангэрэлийн хэрэг явдал шиг. Г.Сарангэрэлийг хэвлэлүүд хэрхэн хайр, найргүй “балбасан” билээ. Дууны үгэнд хүртэл оруулчихсан байсан шүү дээ. Гэвч эцсийн дүндээ хар тамхи хэрэглэсэн нь тогтоодоогүй. Үнэндээ эрхэм сайдын нялх амраг байсан эсэхийг нь өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй шүү дээ.

Аливаад багахан ч болов ухамсартай, хүн чанартай, ёс зүйтэй хандацгаая. Хэн нэгнийг элдвээр харааж, зүхэж, доромжлох шиг амархан зүйл байхгүй. Үгээр хүнийг алж ч болно, амьдруулж ч болно гэдэг биз дээ. Харин муу нэрийг хусавч арилахгүй гэгчээр өнөөдрийн хэн нэгний бодлогогүй хийсэн үйлдэл, хэлсэн үг тухайн хүний ирээдүйд хар толбо болон үлдэнэ шүү дээ.

Харийн нутагт ажиллаж, амьдарч байгаа элэг нэгт монголчууд маань ч ялгаагүй хулгай, дээрэм, архи, хүүхний асуудалд нэр холбогддог. Ялангуяа Солонгост хараар ажиллаж, амьдарч байгаа зарим монголчууд элэг нэгтнүүдийнхээ нэр хүндэд сэв суулгах үйлдэл хийсээр л байдаг. Тэгэхээр энд би биеэ үнэлсэн охидыг болон Вьетнамуудыг өмгөөлж, хамгаалах гэсэнгүй. Зүгээр эхлээд өөрийн толгой дээрх бөөсийг харчихаад бусдын толгойн дээрх өвсийг харвал ямар вэ. Хэлж, шүүмжлэх амархан...Харин бидний үг, үйлдэл хэн нэгний амь, амьдралыг “хөнөөж” байгааг ямагт бодолцоцгооё.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16318
0 эможи
keyboard_arrow_up