Яармагт гэмт хэргийн илрүүлэлт өссөн байна
Нийслэлд гэмт хэрэг, зөрчлийн томоохон бүс нутаг нь гэр хороолол байдаг. Тиймээс алслагдсан бүс нутагт гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үйлчилгээ хамгийн чухал. Өмнө нь цагдаагийн байгууллага гэр хорооллын иргэдэд тэр бүр хүрч чаддаггүй байснаас гэмт хэргийн гаралт буурахгүй байгаа тухай мэдээлдэг байсан. Өнгөрсөн жилээс үйлчилгээгээ иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор ЦЕГ-ын даргын тушаалаар нийслэлийн дүүргүүдийн хэлтсийг хувааж, нэг хоёрдугаар хэлтэс байгуулж эхэлсэн. Хамгийн сүүлд ашиглалтад орсон шинэ бүрэлдэхүүн Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс юм.
Хан-Уул дүүргийн хувьд 16 хорооны 140 мянган хүн амтай, хотоос алслагдсан гэр хороололтой, архидан согтуурах, танхай, хулгай, дээрмийн гэмт хэргийн гаралт буурдаггүй нутаг. Яармагийн дэнж дээрх шинэ байрыг ашиглалтад оруулаад дөрвөн сар гаруй хугацаа өнгөрсөн ч үйл ажиллагаа нь жигдэрчээ. Хоёроос гурван албан хаагч үүдэн тусад байрлаж иргэдийн утсаар болон биеэр ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч байна. Иргэд зөвхөн угтах ажилчидтай харьцаад зогсохгүй цахим үйлчилгээг ч сонгож болох ажээ. Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн үйл ажиллагаа, бүтэц, өргөдөл гомдол хүлээж авах, шийдвэрлэх бүхий л үйл явцыг цахим сангаас харж болох юм байна. Өлзийт, Биокомбинат, Яармаг, Шувуунфабрик чиглэлийн алслагдсан бүс нутаг тэдний харьяаных. Өмнө нь дээрх бүсийн иргэд цагдаагийн хэлтэстээ хандахын тулд хот руу орох гэж цаг зав, эдийн засгийн багагүй хохирол амсдаг байжээ. Харин шинэ хэлтэс байгуулагдсанаар асуудлаа богино хугацаанд шийдвэрлүүлж байгаагаа тус хэлтсээр үйлчлүүлж буй иргэд хэлж байлаа. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ хэмжээнд энэ жилийг “Хүүхдийн жил” болгон зарлажээ. Цагдаагийн хэлтсийнхэн хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр багагүй ажил төлөвлөснөө танилцуулав. Тэднийх хүүхдийн байцаалтын болон хохирогчийг хамгаалах шинэ өрөөг бэлтгэжээ.
Шинэ хэлтсийг Р.Отгонжаргал дэд хурандаагаар ахлуулсан 145 албан хаагч дүүргийнхээ 11 хорооны иргэдэд гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үйлчилгээг үзүүлж байна. Албан хаагчид шинэ хувцасаа хэдийнэ өмсөөд хэвшсэн юм. Үүрэг гүйцэтгэхэд тээргүй, биед эвтэйхэн гээд шинэ өмсгөлдөө ам сайтай байв. Ямартаа ч шинэ хэлтэс байгуулагдсанаас хойш иргэдийн хандалт, гэмт хэрэг зөрчлийн илрүүлэлт нэмэгдсэн тухай хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Р.Отгонжаргал онцлов. Захиргааны зөрчил гэхэд 2013 оны эхний улиралд 821 байсан бол энэ оных 1557 болж өсчээ. Энэ нь нутагт дэвсгэрт нь цагдаа ойртоод ажиллаад эхлэхээр зөрчлөө илрүүлээд эхэлж байгаа хэлбэр гэнэ. Мөн хохирол нөхөн төлүүлэлт энэ жил 74.6 хувьтай байгаа нь өмнөх оныхоос 33.1 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Энэ хэмжээгээр гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдсэн гэж хэлтсийн дарга хэллээ.