"Төрийн мэдээлэл" эмхэтгэл энэ оны 3 дахь дугаарын тойм

2015 оны 1 сарын 19

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ.

Шинэ дугаарт нийтлэгдсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ази, Европын дээд түвшний арван нэгдүгээр уулзалтыг 2016 онд Улаанбаатарт зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийг байгуулж, бүрэлдэхүүнийг нь баталжээ.

Мөн зарлигаар Үндэсний зөвлөлийн ажлын хэсгүүд болон ажлын албыг байгуулан ажиллуулах, Үндэсний зөвлөлийн ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг нь сар бүр танилцуулж ажиллахыг Үндэсний зөвлөлийн даргад даалгасан байна.Үндэсний зөвлөлийн даргаар Монгол Улсын Ерөнхий сайд, дэд даргаар нь Гадаад хэргийн сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нар тус тус томилогджээ.

Ерөнхийлөгчийн зарлиг ёсоор 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ой 2015 онд тохиож буйтай холбогдуулан тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т чиглэл болгосон байна.

Үүний дагуу 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг 2015 онд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх, ойг угтан түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийнхээ байгуулсан гавьяаг сурталчлах, мөнхжүүлэх, дайнд оролцогсод, ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл, зүтгэлийг залуу хойч үедээ өвлүүлэх, ойн медаль гаргах, улс түмний найрамдалт харилцаа, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр байна.

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт Олон улсын спортын тэмцээн, наадам зохион байгуулах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Үүгээр “Чингис хаан-2015” жудо бөхийн Гран-При тэмцээн, дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-При тэмцээн, нисэх загварын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг тэмцээн, наадмыг Монгол Улсад 2015 онд зохион байгуулах ажээ.

Эмхэтгэлд нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор, тусгай зориулалтаар 2015 онд угалз 40,тэх 60, халиун буга 15, саарал чоно 20, бор гөрөөс 10, зэрлэг гахай 10 толгойг агнуулахаар тус тус тогтоосон байна.

Эмхэтгэлд Эрх шилжүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Үүний дагуу нийслэлийн авто замын ачааллыг зохицуулах зорилгоор замын хөдөлгөөний урсгал, тээврийн хэрэгслийн тоо, байгууллагуудын байршил, тэдгээрийн ажиллагсад, суралцагчдын тоо, түгжрэл ихээр үүсч байгаа зам, цаг хугацаа зэргийг харгалзан нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон тэдгээрийн харьяа байгууллага, бусад төсөвт байгууллагуудын ажил эхлэх, дуусах цагийг зохицуулж байх эрхийг Нийслэлийн Засаг даргад шилжүүлжээ.

Журамд нэмэлт оруулах тухай Засгийн газрын тогтоолд, “Даатгалын өдөр-жил бүрийн 11 дүгээр сарын 24-ний өдөр” гэсэн заалтыг нэмжээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16057
0 эможи
keyboard_arrow_up