ТУУЛ ГОЛЫН ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСИЙН ЗАМЫН АЖИЛ ЭХЭЛЖЭЭ
Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилтот хөтөлбөр-ийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Яармагийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүрэх 17.6 км авто замын ажил өнөөдрийн байдлаар 60 хувьтай байгаа гэнэ. Тус замын барилгын ажлыг Эсто компани барьж гүйцэтгэж байгаа ажээ. 2012 оны зургадугаар сараас эхэлсэн замын ажлын нийт өртөг 12.5 тэрбум төгрөгт хүрчээ. Эсто компанийн ажиллагсад ирэх долдугаар сард багтаан ажлаа дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд ажлын явцад нэлээд саад учирч хугацааг хойшлуулахад хүргэсэн гэж байна. Учир нь Туул голын онцгой хамгаалалтын бүст багтах тус замын дагуу 20 гаруй аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн хашаа замын зураг, трасст орчихсон байснаас чөлөөлөгдөхгүй нэлээд хугацаа алдуулсан гэв. Баянзүрхийн товчооноос Хүрхрээгийн ам хүртэлх замд амралт, жуулчны хэд хэдэн баазууд байна. Үүний дотор Болор туул, Монгол тур, Туул гарден зэрэг жуулчны баазууд хашаагаа замд тулгаж барьсан байсан нь багагүй саад учруулж саяхнаас чөлөөлсөн байна. Замд ус зайлуулах төмөр бетон хоолой 20 гаруйг тавьсан бөгөөд өргөн нь долоон метр, хоёр талаараа явган зорчигчийн замтай тус зам өндөр зэрэглэлтэйд тооцогдох юм байна. Туул голын онцгой хамгаалалттай бүсийн замын ажил хоёр уулзвараараа хурдтай явагдаж байна.