"Төр хувийн хэвшлийн түншлэл - 2015" нээлттэй өдөрлөгийн үеэр Хэн, Юу хэлэв

2015 оны 1 сарын 16

 "Төр хувийн хэвшлийн түншлэл - 2015" нээлттэй өдөрлөгийн үеэр Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. 

 

Өнөөдөр 09 цагт Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас "Төр хувийн хэвшлийн түншлэл - 2015" нээлттэй өдөрлөг Төрийн ордны А танхимд зохион байгуулагдлаа. Тус өдөрлөгт харилцаа холбооны салбарт тэргүүлэх салбарын нийт 14 төлөөлөгч харилцаа холбооны салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар илтгэл тавьсан юм. Өдөрлөгийг Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны дарга Ц.Жадамбаа нээж үг хэлсэн бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ " Уг танхимд энэ салбарын нүүр царай болсон энэ салбарын түүчээлж явдаг хувийн хэвшлийн албан хаагчид болоод, төрийн салбарын олон яам агентлагийн төлөөлөгч нар хүрэлцэн ирсэн байна. мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны нээлттэй өдөрлөгийг бид нар гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Жил жилийн нээлттэй хаалганы өдөрлөг өөрийн гэсэн онцлогтой болдог. Энэ жил юу хийж бүтээх вэ? Энэ жил хэрхэн ажиллах вэ гэсэн олон асуудлыг ярьдаг. "2015 буюу төр хувийн хэвшлийн түншлэл" бол энэ жилийн онцлог юм. Мэдээллийн технологи гэдэг салбар юугаараа онцлог, юугаараа шинэлэг болохыг энэ өдөрлөгөөр ярилцах гэж байна. Өнгөрсөн 2015 он бол бидний хувьд маш их онцлогтой жил болж өндөрлөсөн. Томоохон төсөл болох дэлхийд тэргүүлэх тоон телевизийг бид нэвтрүүлж чадсан. Бид энэ төслийг тохирсон хугацаандаа заасан цагтаа нээж чадсан.” Хэмээлээ. Ингээд илтгэл тавьсан зарим хүмүүсийн яриаг товчхон хүргэе. 

  1. “Хөдөлгөөнт холбооны дараа үеийн технологи чиг хандлага” сэдвээр Скайтел компаний бизнес хэрэгжүүлэлтийн албаны захирал Ц.Пүрэвдорж: Ирээдүйд хэрэглэгчид одоогийн бидний хэрэглэж байгаагаас хоёр дахин илүү дата хэрэглэнэ 

 Энэ сэдвийн хүрээнд дэлхий хэрхэн цахимжиж байна, цаашдаа ямар хөгжилд хүрэх вэ гэдэг сэдвээр гурван бүлэгт илтгэл тавина. 1996 онд гар утас гэдэг зүйл бол санаанд багтамгүй зүйл мэт санагддаг байсан бол одоо цэцэрлэгийн хүүхдүүд гар утсыг зурдаг болсон байна. Стив Жобс дэлхийг өөрчилж чадсан. Тухайн үед гар утас хэрэглэхэд амаргүй байсан. Ухаалаг утас гарч ирснээр тухайн утсыг өөрийнхөө онцлогт тохируулан хэрэглэх боломжийг нээж өгсөн. Ингэснээр дэлхийг өөрчилсөн. Ухаалаг утсыг та хаанаас ч өөрийнхөө хүссэн хэмжээндээ ашиглаж, хөдөлгөөнт байдлыг ихээр шаардах болсон. Цахимжиж байгаа дэлхийд өнөөдөр 3G-г өргөнөөр хэрэглэж байгаа ба дэлхийн цаашдийн хандлагат яриа болон мессежний хэрэглээ буурч датаны хэрэглээ өсч байна. Ирээдүйд хэрэглэгчид одоогийн бидний хэрэглэж байгаагаас хоёр дахин илүү дата хэрэглэнэ гэсэн судалгаа ч гарсаар байна. Цахим контент нэмэгдэж бас  борлуулагдаж байна. Иймээс Монголчууд бидэнд хэрэглээг дагасан найдвартай ийм  төрлийн контентийг үйлдвэрлэх хэрэгцээ байна. 

“Программ хангамж, хөгжүүлэлтийн чиг хандлага” сэдвээр Интерактив ХХК-ын захирал Б.Ууганбаяр: Хэрэглээгээ мэдээллийн технологитой оновчтой ашигласнаар сайхан амьдрах боломжтой

Салбартаа төдийлөн гарч ирж чадахгүй байгаа салбар бол программ хангамж юм. Тэгэхдээ манай инженер, компаниуд өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд дэлхийн түвшинд өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн гэж харж байна. Энэ удаагийн танилцуулгаар төрийн байгууллага программ хангамжийн компаниудтай хэрхэн хамтран ажиллах вэ гэдэг талаар саналаа хуваалцъя гэж бодлоо.

- Нэгдүгээрт программ хангамжийн салбарын төлөв байдал,

- Хоёрдугаарт төрийн байгууллагын мэдээллийн технологи программ хангамжийн өнөөгийн байдал

- Төрийн байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллах вэ? гэдгийг ярина. Хэрэглэгчид маань өөр өөрийн онцлогтой. Засгийн газар богино, урт хугацаанд хэрэгжих стратегийн томоохон зорилтууд тавьсан байдаг. Энэ зорилтуудыг хийж хэрэгжүүлэхийн тулд мэдээллйн технологи программ хангамжийг зөв хэрэглэх ёстой. Бизнесийн салбарт бол бизнесийнхээ стратегийг тухайн салбартаа зохицуулах, иргэдийн хувьд мөн шат шатны хэрэгцээ болсон хэрэглээгээ мэдээллийн технологитой оновчтой ашигласнаар сайхан амьдрах боломжтой болсон гэдгийг мэдэх хэрэгтэй. Программ хангамжийн бизнесийн цаана юу явагддаг вэ гэхээр нэгдүгээрт идэвхитэй судалгаа хөгжүүлэлт явагдах хэрэгтэй болдог. Мөн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй.

  1. “Хөдөөгийн холбоо” сэдвээр Жи Мобайл ХХК-ийн Сүлжээ техниикийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Оюунбаяр: Хөдөө орон нутагт үйлчилгээ дутуу хүрч байгаа нь төртэй холбоотой

“Хөдөөгийн холбоо” манай салбарын зорилттой хэрхэн уялддаг вэ, яаж нөлөөлдөг талаар ярихаар бэлдлээ.

Монгол улсын хөгжлийн үндсэн хурдасгуур дээр бид нар ажиллаж байгаа. Үүнийг хэр зэрэг хурдасгаж чадахаас манай орны хөгжил тодорхойлогдоно. Харилцаа холбоо нь 95 хувийн магадлалтайгаар хүний хөгжлийн индекст илэрхийлэгддэг. Тэр салбарт бид нар яаж оролцдог вэ гэдэг талаар бид нар судалгаа хийсэн.

Хүний хөгжлийн индексийг гурван үзүүлэлтээр гаргадаг бөгөөд нэг хүнд ноогдох орлого буюу дотоодын нийт бүтээгдэхүүнд их уялдаатай байдаг. Хөдөө орон нутгийн  боловсролын салбар, эрүүл мэндийн салбарт манай үүрэг их байдаг. Тэд харилцааны үйл ажиллагааг ажилдаа гүн нэвтрүүлэх юм бол хэрэглээний  үндсэн үзүүлэлт цааш нь өссөөр байна. Үүнээс гадна хөгжлийг хурдасгах бас нэг нөөц бол супер компютерийн үйлчилгээ юм. Энэ үйлчилгээг 70,80-аад онд их хэрэглэж байсан ч одоогоор нэг их сайн хэрэглэхгүй байна. Боловсруулалт хийхгүй юм бол манай улс өрсөлдөж чадахгүй, зүгээр л яригдсаар л байх болно.

Хөдөөд яагаад үйлчилгээ дутуу хүрээд байна вэ гэхээр лонхны маягаар хүрээд байна. Төр маань үүнд түгжрэл үүсгэсэн. Харилцаа холбооны зохицуулах хороо маш их анхаарал хандуулдаг боловч тарифаа ер буулгаж өгдөггүй, жоохон байж байгаад л тийм төхөөрөмжийн үнэ нэмэгдсэн шүү гээд л ТӨХ-нд ирээд байдаг. Үнийг бол хөнгөлж өгөөч гэсэн хүсэлт тавимаар байна. Үүнээс болоод шилэн кабелийн ажил сайн хэрэгждэггүй.

Нийслэлийнхний хувьд хамаагүй тааламжтай нөхцлөөр үйлчилгээ очдог болсон нь бас нэг сайн мэдээ болж байна. 

Шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд сэдвээр Монгол Шуудан компанийн гүйцэтгэх захирал Б.Золбадрал: Олон улсад нэг хүнд жилдээ 99 шуудан илгээдэг бол манайд нэг хүнд жилд нэг шуудан ноогддог

Мэдээлэл технологийн анхны эх үүсвэр болсон шуудан  одоогоос 850 жилийн тэртээ  өртөөлөн мэдээ, мэдээллийг  хүргэдэг байсан түүхтэй. Зарим хүмүүс шууданг мэдээлэл технологийн салбар биш гэж боддог. Гэвч шуудан нь мэдээллийн салбаруудын ууган нэгж юм.  1990 оныг хүртэл шуудангийн салбар огцом уналтанд орсон боловч үүнээс хойш эрчимтэй хөгжсөөр байна. Одоогоор Монгол улсад тусгай зөвшөөрөлтэй буухиа шуудангийн зургаан компани, захиалгат болон нэмэлт үйлчилгээ зэрэг нийт 36 компани үйл ажиллагаа явуулж байгаа аж. Эдгээрээс ихэнх нь улс хоорондынх буюу  Монгол, БНСУ, АНУ-ын хооронд байдаг. Манай улсын шуудангийн салбар олон улстай харьцуулахад хэд дахин доогуур байдаг гэсэн судалгаа гарчээ. Тухайлбал, Олон улсад нэг хүнд жилдээ 99 шуудан илгээдэг байна. Харин манай улсад энэ тоо 100 дахин бага буюу нэг хүнд жилдээ нэг шуудан ирдэг аж. Өнөөдөр тэгэхдээ байдал харьцангуй сайжирсан байна. Учир нь бид энэ онд торгуулийн хуудсыг гэрт нь хүргүүлдэг болсон. 

  1. IPTV, контент хөгжүүлэлт сэдвээр Юнител ХХК-ийн Контент, хөгжилт төлөвлөлтийн албаны захирал Г.Барс: IPTV-тэй болсноор телевизтэй харьцах хоёр урсгалтай болсон

Өнөөдрөөс 10 жилийн өмнө интернетийг Монгол улсын хэмжээнд  40 мегабайтаар хэрэглэж, телевизийн хувьд зургаан сувагтай, гар утас хэрэглэгч 300 орчим, Дархан, Эрдэнэт гэсэн томоохон аймгуудад л сүлжээ барьдаг байлаа. Хэрэглээ нь яриа, мессежээр л хязгаарлагддаг байсан бол 2014 онд интернетийн хурд 1000 дахин илүү урсгалтай, телевизийн хувьд 110 сувагтай, гар утасны хувьд 2,6 сая хэрэглэгч, яриа мессеж багасаад нөгөө талдаа дата хэрэглээ их болсон. Мөн техник технологийн хувьд маш их өөрчлөгдсөн. IPTV орсноороо мэдээж тоон систем дагаад бий болсон. Өмнө нь хэрэглэгч маань телевиз үзэх гэсэн нэг урсгалтай байсан бол IPTV-тэй болсноор телевизтэй харьцах хоёр урсгалтай болсон байна. Үүнийг жишээгээр дурдахад IPTV-ээс контент санал болгож байна, IPTV shopping хийх боломжтой болж байна гэх мэт олон боломжуудыг бий болгосон. Өнөөдөр IPTV-ээс харагдаж байгаа хамгийн наад захын бодит боломж бол кино театруудаас буусан кино IPTV видео санд байрласнаар эдийн засгийн хувьд 200 гаруй сая төгрөгийн борлуулалтыг хийсэн байна. Монголын уран бүтээлчдийн хувьд театраас буулаа л бол орлого нь зогсдог байсан бол одоо энэ байдал өөрчлөгдсөн. Дараагийн нэг давуу тал бол тухайн цаг үед юу гарч байна түүнийг л үздэг байсан бол одоо хэрэглэгч өөрийн хүсэл сонирхолдоо тулгуурлаад хүссэн контентоо үзэж байна. Энэ мэт IPTV-д олон давуу тал байгаа бөгөөд үүнийгээ цаашид илүү хөгжүүлэх болно. 

Монгол улсын мэдээлэл харилцаа холбооны салбарын төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сэдвээр Мобиком корпораци ХХК-ийн Технологийн газрын захирал Б.Тэмүүдэр: IPTV-ын лицензийг авъя гэж дөрвөн жил хүсч байгаа

Төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээ болох цахим боловсролыг хөгжүүлэхэд хамтран ажиллах, ухаалаг утас болон, харилцаа холбооны төхөөрөмжинд суурилсан үйлчилгээг нэмэгдүүлэх, сүүлийн үеийн дэвшилтэт технологийг зах зээлд нийлүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Эдгээр үйлчилгээг нэвтрүүлснээр нэгдүгээрт тусгай зөвшөөрлийн тоог цөөлөх, IPTV-ын тусгай зөвшөөрлийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх юм. Үүний үр дүнд шударга өрсөлдөөн хэрэглэгчийн сэтгэл ханамжийн баталгаа, ажлын байрны тоо, Монгол улсын төсөвт орох татварын хэмжээ өсөх боломжтой байгаа. Гэтэл үүнийг тусгай зөвшөөрлийн тоогоор хязгаарласан байна. Бид энэ IPTV-ны тал дээр шаардлагаа тавьдаг, шаардлага хангасан компаниудад зөвшөөрлийг нь олгодог байх хэрэгтэй. Одоогийн байдлаар хоёр компани тусгай зөвшөөрөл авсан байгаа. Сая үлдсэн хоёр квот дээр шалгаруулалт явагдсан.  Харамсалтай нь 20 жил холбооны салбарт үйлчилгээ явуулж байгаа мобиком корпораци холбооны салбарт туршлагагүй компанид хоёрхон оноогоор ялагдсан байна. Манайх энэ IPTV-ын лицензийг авъя гэж дөрвөн жил хүсч байгаа. Үүн дээр Жадамбаа дарга та тусалж өгнө үү гэж хүсмээр байна. Хамтын ажиллагааг бодлогоор хангах төрийн оролцоог бууруулах шинэ технологийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтанд татах замаар яаралтай нэвтрүүлэх бодлого зохицуулалтыг шийнэчлэх, бүтээлийн аюулгүй байдал дээр анхаарах хэрэгтэй байна

Салбарын зохицуулалтын асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээ сэдвээр Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн: Шуудангийн статистик мэдээллийг нэвтрүүллээ

Харилцаа холбооны зохицуулах хороо 2014, 2015 оны зорилтуудаа дүгнэлээ. Тус компаниас өнгөрсөн онд хэд хэдэн чухал ажлыг хийсэн нь шуудан хэрэглэгчдийн татварыг УИХ-аар батлуулсан явдал аж. Түүнчлэн 21 аймгийг хоёр удаагийн давталттайгаар  радио давтамжийн хяналт, шалгалтыг хийсэн байна. Энэ нь маш чухал ажил гэдгийг онцоллоо. Зорилтот тоон телевизийн технологи, тэдгээрийн хэрэглэгчийн баталгаажуулалтыг хийснээр стандартын шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд  хүргэжээ. Мөн анх удаа шуудангийн статистик мэдээлэлтэй болсон  байна. Харилцаа холбооны зохицуулах хорооноос өнөө үед тулгамдаж буй гол асуудал нь хүүхэд залуус цахим ертөнцийг хэрхэн зөв зохистой хэрэглэх талаар төр хувийн хэвшлийнхэн анхаарал хандуулах цаг нь болсон гэв. 

Салбарын бодлого, 2015 оны үндсэн зорилтууд сэдвээр МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа: Би Мэдээллийн технологи шуудан харилцааны холбооны  салбараа яам гэж хардаг

Энэ жилийн өдөрлөгийн хувьд амьдралаа ярилцсан, асуудлаа ярьсан жил болж байна. Хүмүүс манай салбарыг ийм өргөн цар хүрээтэй, олон асуудлыг шийддэг гэдгийг бас мэддэггүй юм байна. Ерөнхийдөө дөрвөн оператор байдаг, дунд нь хэдэн компани байдаг гэж л ойлгодог. Гэтэл Мэдээллийн технологи шуудан харилцааны холбооны газар манайхаас өөр газарт бол яам байдаг. Тэгэхдээ би энэ салбараа яам гэж хардаг. Манай хууччуул ч гэсэн дандаа манай яамныхан гэж ярьдаг. Тийм учраас ирээдүйд манай салбар яам болно гэдэгт би итгэлтэй байдаг. Мэдээллийн технологийн хөгжил нь бидний хөгжилтэй салшгүй холбоотой. Өнөөдөр салбарын төлөөллүүд маань бидэнд олон асуудлыг ний нуугүй ярьж байна. Энэ бүхнийг товчлоод 2015 онд хийгдэх салбарын гол ажлуудыг  танилцуулъя гэж бодож байна. Та бүхнийг орж ирэхэд тараасан Бодлогын баримт бичиг гээд цаас тараасан. Энэ нь та бүхнийг салбараа хөгжүүлэхэд үнэтэй саналаа ойрын сарын хугацаанд өгөөч ээ гэсэн хүсэлт юм. Өнөөдөр мэдээллийн технологийн хөгжил сар жилээр гэхээсээ илүү өдрөөр цаг минутаар хөгждөг болсон байна. Тиймээс бид ч гэсэн үүнтэй мөр зэрэгцэн алхах хэрэгтэй. Хэт олон жилээр ажлаа төлөвлөх нь бидэнд эрсдлийг дагуулах учраас бид нар 2020 он хүртэл бодлогын баримт бичгийг хийх гэж байгаа юм. Дараагийн нэг зүйл бол харилцаа холбооны салбар. Өнөөдөр Монгол улсын 296 сум шилэн кабельд бүрэн холбогдсон байна. Эндээс цаашаа салбарлаад бусад байгууллагаруу очих үйл явцыг Монголын цахилгаан холбоо гүйцэтгэж байгаа. Улс хоорондын ажлыг авч үзвэл ОХУ болон БНХАУ-ыг холбосон 1600 км шилэн кабель явж байна. Улс орны интернетийн хурдыг бид нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллана. Цаашлаад Монгол улсын шилэн кабель дахь сүлжээний давхардлын талаар асуудал тавин ажиллаж байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15887
0 эможи
keyboard_arrow_up