Зам талбайн шилдэг инженер, мастерууд шалгарлаа
Улаанбаатар хотын Захирагчийн алба, дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниуд, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв хамтран 2013 оны 12 сарын 01-нээс 2014 оны 03 сарын 01 хүртэлх хугацаанд Эрүүл аюулгүй хот- Хальтиргаагүй Улаанбаатар аяныг хэрэгжүүлсэн.
Аяны хүрээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хамтарсан тушаал гарч ажлын хэсэг байгуулагдан ажиллаж үр дүнгээ нэгтгэн дүгнэлээ. Ажлын хэсгийн гаргасан төлөвлөгөөний дагуу нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээг нарийн хуваарийн дагуу хийснээр 2012 онд 2815 байсан хальтиргаанаас үүдсэн гэмтэл ослын тоог 1909 хүртэл багасгаж, 906 тохиолдлоор бууруулсан. Энэ ажлыг зохион байгуулахад шар хантаазтануудыг удирдан, идэвхи зүтгэлтэй ажиллан үр дүн гаргасан зам талбайн Чингэлтэй тохижилт ХХК-ний инженер Б.Жавзанг 2013 оны “Шилдэг зохион байгуулагч” инженерээр, Хан-Уул дүүргийн Тохижилт, үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын зам талбайн мастер Д.Бат-Эрдэнийг “Зам талбайн тэргүүний мастер”-аар шалгаруулсан. Цаашид оролцогч байгууллагууд гэр хорооллын гудамж талбайд үүссэн хальтиргаа гулгааг арилгахад хамтран ажиллах юм байна.