250 орчим ажлын байр танилцуулав

2014 оны 4 сарын 15

МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж нь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хүний нөөцийн клубтэй хамтран өнөөдөр “Төгсөгч-2014” хөдөлмөрийн яармагийг анх удаа зохион байгууллаа.

Энэ жил 10-15 мянган оюутан их, дээд сургууль төгсөх статистик тоо бий. Таван жилийн өмнөх судалгаагаар нийт төгсч буй залуучуудын гуравны нэг нь ажлын байртай  болж төгсдөг ч тэр нь мэргэжлийн биш, олмол ажлын байр байжээ. Харин өнгөрсөн жил төгсөгчдийн 48 хувь нь ажлын байртай болж буй тооцоо гарчээ. Их, дээд сургууль төгсөгчдийн дунд хамгийн их тулгамдаад буй ажлын байрны асуудлыг төвөггүй, хүнд сурталгүй шийдвэрлэж өгөх, залуучуудыгаа дэмжиж ажилтай орлоготой болгох, ажил олгогч, ажил хайгчдын гүүр болох зорилгоор энэхүү хөдөлмөрийн яармагийг зохион байгуулав.

Яармагт оролцсон ажил хайгчид сургуулиа төгсөөд байнгын ажлын байранд шууд зуучлагдах, цагийн болон түр, байнгын ажлын байрны зөвлөгөө, мэдээлэл авах, Монгол Улсын хөдөлмөрийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдэх, Их дээд сургуулийн төгсөх курсын оюутнууд аж ахуй нэгж байгууллагуудын ажлын байрны мэдээллийг авах, оюутнууд дадлага хийж, байгууллага, аж ахуйн нэгжийг сонгох боломжтой юм.

Тус яармагт Бүтээн байгуулалтын корпораци, Капитал банк, Оюуны ундраа групп, Их майдар сан, Монгол хьюндай автомотив, Монре даатгал, Корпорэйт зочид буудал, Олон улсын Найрамдал төв, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Эрдмийн гүүр боловсролын төв, ФМ групп, Эрдэнэт гранд майнинг групп, Кемпински хан палас, Эрэл групп зэрэг байгууллага оролцож 250 орчим ажлын байр танилцуулав. Мөн цагийн ажлын байрны бүртгэл судалгаа, зуучлах үйл ажиллагаа явууллаа.

Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн менежер Г.Энхбаяр, “Залуучуудыг хөдөлмөрийн зах зээлд эзэмшиж төгсч буй мэргэжлээр нь ажлын байранд ямар шаардлага тавьж буйг судлах, өөрийгөө танилцуулах, нөөцөнд  бүртгүүлэх, зөвлөгөө мэдээлэл авах, тэднийг ажилтай болох бололцоог нь хангаж өгч байна” гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1551
0 эможи
keyboard_arrow_up