Эмнэлгүүд согтуу иргэдийг тусгаарлахгүй байгаагаас болж өвчтөнүүдийн эрх зөрчигдөж байна

2015 оны 1 сарын 10

2013 оны долдугаар сараас Хууль зүйн болон Эрүүл мэндийн сайд нарын шийдвэрээр нийтийн гудамж талбай, баар, ресторан зэрэг үйлчилгээний газруудад архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг, харьяа дүүргийнх нь эмнэлэгт хүргэдэг болсон. Тэгвэл энэ бүхэн эргээд багагүй асуудал үүсгээд байгаа юм. Учир нь эмнэлгийн ажилчид, эмч сувилагчид согтуу хүмүүстэй ажиллахад хэцүү байна, эмчлүүлэгчдэд хүндрэлтэй байна гэх мэтээр бухимдлаа илэрхийлсээр байна. Тиймээс энэ хүрээнд дараах мэдээ, мэдээллийг бэлтгэлээ.

068fc03b6fcdc0adbig

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс энэ сэдвийн хүрээнд дараах зүйлийг асууж тодрууллаа.
 

068fc03b6fcdc0adbig- Эмнэлгийн байгууллага хуулийнхаа дагуу согтуу хүмүүсийг эрүүлжүүлэх өрөө тасалгаа, ор хэрэгсэлтэй байх ёстой-


-Эмнэлэг эрүүлжүүлэх байр болсонд эрүүл мэндийн ажилчдын зүгээс багагүй бухимдлаа илэрхийлээд байна. Эмнэлгийг согтуу иргэдийг эрүүлжүүлэх ёстой гэсэн нь хэр оновчтой шийдвэр юм бол оо?
-Өнгөрсөн 2013 онд хуулинд өөрлөлт оруулж УИХ-аар хэлэлцээд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж гудамжинд ухаан мэдрэлээ алдан унасан, биеэ авч явах чадвараа алдсан зэрэг хүмүүсийг эмнэлгийн байгууллага эрүүлжүүлэхээр тогтсон. Тиймээс эмнэлгийн ажилчид иргэдийг эрүүлжүүлэх тангарагийнхаа хүрээнд согтуу гэж ялгаварлан гадуурхахгүйгээр хүлээж авч үйлчлэх ёстой. 

Өмнө нь бол  цагдаагийн байгууллага ямар ч зөрчил гаргаагүй, хууль зөрчиж архи уугаагүй иргэдийг дуудлагын дагуу эрүүжлүүлэх байранд аваачиж эрхийг нь зөрчдөг байсан. Өөрөөр хэлбэл, төрөөс архийг, архины үйлдвэрлэлийг, архи уухыг хуулиар хориглоогүй хэрнээ архи уугаад ухаан мэдрэлээ алдсан, хаана яваагаа мэдэхгүй байгаа иргэдийг цагдаа шууд эрүүлжүүлэх байранд аваачсанаараа хүний эрхийг зөрчсөн төдийгүй  хүний эрүүл мэндэд заналхийлж буй хэлбэр байсан. Бүр тодруулбал, уг хүн эрүүлжиж эмнэлгийн үйлчилгээ авах ёстой байтал ямар ч мэргэжлийн эмчгүй цагдаагийн байгууллагад шалгагдаад эхэлж байгаа нь хууль зөрчсөн зүйл болж байсан юм. Үүнийг цагдаагийн байгууллагаас олон жил шүүмжилж, өөрчлөх ёстой гэж тэмцсэний дүнд өдгөө биелэлээ олж эрүүл мэндийн байгууллага хариуцах болсон.  Тэгэхээр эмч нар хүлээсэн тангарагтаа үнэнч байж согтуу, хөлчүү гэж ялгаварлалгүйгээр тэдэнд үйлчилж, биеийг нь эрүүлжүүлэх ёстой гэсэн үг.

-Тэгэхээр цагдаагийн байгууллага архи уусан болгоныг биш зөрчил гаргасан иргэдийг л түр саатуулж, арга хэмжээ авах ёстой болж байгаа гэж ойлгож болох уу?
-Цагдаагийн байгууллага бол гэмт хэрэгтэй тэмцэж, иргэдийн амгалан тайван байдлын төлөө явах ёстой газар. Тиймээс архи согтууруулах ундаа хэрэглэчихээд ямар нэг зөрчил гаргасан, согтуугаар жолоо барьсан, эрэн сурвалжлагдаж байсан зэрэг нөхдүүдийг барьж, 72 цаг саатуулж хэргийг нь шийдвэрлэх ёстой гэсэн үг. Түүнээс биш цагдаа нар согтуу иргэдийг эрүүжлүүлж, торгодог систем одоо байхгүй болсон. Тэд хуулийнхаа хүрээнд зөрчил гаргасан согтуу иргэдэд захиргааны эсвэл эрүүгийн хэрэг үүсгэж шийдвэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл, зүгээр согтож унаад, ухаан мэдрэлээ алдсан, ямар нэг зөрчил гаргаагүй иргэдийг тэд дуудлагын дагуу харьяа дүүргийнх нь эмнэлгийн байгууллагад аваачиж өгөх ёстойгоос биш шууд саатуулж, эрүүлжүүлэх үндэслэлгүй болсон. Магадгүй тухайн согтуу иргэн биеийн байдал нь муу, ямар нэг асуудалтай байсныг нь мэдэхгүй шууд саатуулвал хүний эрх зөрчсөн асуудал болно шүү дээ. Тиймээс зөрчил гаргаагүй хэрнээ архидан согтуурсан иргэдийг эмнэлгийн байгууллага л хариуцах ёстой.

-Эмнэлгийн байгууллагуудын зүгээс согтуу иргэдийг тусгаарлах өрөө тасалгаагүй, эмчлүүлэгчидтэй хамт нэг өрөөнд байлгаж байгаа нь асуудалтай байна гэх юм. Энэ асуудлыг зохицуулах тал дээр хуулинд тусгасан болов уу?
-Эрүүл мэндийн сайдын тушаалаар согтуу иргэдэд зориулсан тусгай өрөө, ор бэлдэхийг үүрэгдсэн. Тиймээс өрөө тасалгаагүй байна гэвэл тухайн эрүүл мэндийн байгууллагууд хуулиа мөрдөхгүй байгаагийн л тод илрэл. Хэрэв эмнэлэгт хүргэгдсэн согтуу иргэн эмчид цаашлаад иргэдэд халдаж, эд зүйл эвдэж сүйтгэж зөрчил гаргавал тухайн эмнэлгээс дуудлага өгч цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөх бүрэн эрхтэй. Харин цагдаагийн байгууллага зөрчил гаргасан иргэдэд хариуцлага тооцож, шалгах үүрэгтэй.

Тэгэхээр зөрчил гаргасан согтуу иргэнийг цагдаагийн байгууллага эрүүлжүүлэх биш саатуулж хариуцлага хүлээлгэдэг болсон.

068fc03b6fcdc0adbig

-Эмнэлэгт хүргэгдсэн иргэд зохих ёсны төлбөр төлнө биз дээ?
-Эмнэлгийн зүгээс тухайн хүнд ямар эмчилгээ хийсэн, түүнд үйлчилсэн эмнэлгийн ажилтаны цалин хөлс зэргээс шалтгаалж торгох бүрэн эрх нь нээгдсэн. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн байгууллага өөрсдөө төлбөрөө гаргана гэсэн үг. 

Ингээд жигдэрч чадвал агсам тавьж архи байнга уудаг хүмүүс ч цөөрнө. Хэн ч өчнөөн төлбөр төлж эмнэлэгт хүргэгдээд байхыг хүсэхгүй шүү дээ. Мөн уг эмнэлгээс энэ хүнийг архины эмчилгээнд явуулах ёстой гэж үзвэл, шүүхээр оруулаад эмчилгээнд хамруулах ч эрхтэй.

-Эрүүлжсэн иргэд төлбөрөө төлөхгүй тохиолдолд яах вэ?
-Төлбөрөө төлөхгүй байгаа асуудал гарвал буцаагаад цагдаад хандаж болно. Цагдаа хуулийн хүрээнд шийдэж өгөх ёстой.  Уг нь цаашлаад энэ хууль сайн үйлчилж, хэрэгжээд явбал нийгмээрээ хавтгайрсан архидалтыг байхгүй болгох ч боломжтой.

 -Дунджаар нэг сарын дотор хэчнээн хүн эрүүлжүүлэхээр эмнэлэгт хүргэж байгаа вэ. Тодорхой тоо баримт бий юу?
-Өнгөрсөн оны зөвхөн аравдугаар сарын байдлаар архидан согтуурсан дуудлагаар  54 мянга 630 хүнийг цагдаагийн байгууллага саатуулсан байдаг.  Үүнээс  1.6 хувь буюу 554 хүнийг эмнэлэгт хүлээлгэж өгсөн. Үлдсэн 8.4 хувийг цагдаагийн байгууллага өөрсдөө саатуулсан байгаа.

Тэгэхээр учиргүй их хүн хүлээлгэж өгөхгүй байгаа гэсэн үг. Барагцаалбал, сард дунджаар 5000 хүн саатуулахад ердөө л  50 хүнийг эмнэлэгт хүлээлгэж өгөөд байгаа юм. 

068fc03b6fcdc0adbig

Ийн цагдаагийн байгууллагаас товч тодорхой, бүх хүмүүст ойлгогдохоор мэдээллийг өгсөн юм.
Мэдээж нэгэнт эрхийг нь хязгаарлаж байгаа улсуудын дунд ямар ч эрхээ хязгаарлах зүйл хийгээгүй зөвхөн архи уусан хүн ч байгаа. Тиймээс энэ хүний эрхэнд халдаж шууд эрүүлжүүлэх байранд аваачиж болохгүй байсан нь тод харагдаж байгаа юм.

Тэгэхээр Эрүүл мэндийн байгууллага  өөрсдөө хуулиар хүлээсэн үүргээ хүлээгээд иргэдийг эрүүлжүүлэх ёстой. Харин тусгай өрөө тасалгаа, ор хэрэгслийг хуулийнхаа дагуу шийдвэрлэж өгөхгүй байсаар асуудлыг ийн хүндрийлж байгаа нь нэг талаасаа шүүмжлэлтэй юм. Мөн үнэхээр эмнэлгийн байгууллагад согтуу иргэд харшлаад байгаа бол асуудлыг шийдэхийн тулд цагдаагийн байгууллагад тусгай эмч, өрөө тасалгаа бэлдэх нь зүйн хэрэг болов уу?. Харин энэ журам нь зөв гэж байгаа бол эмнэлгийн байгууллагын эмч ажилчдыг нэмэгдүүлж, тусгай өрөө тасалгаа, ор хэрэгслийг түргэн хугацаанд шийдэж өгөх нь зүй биз ээ. 

Бид дараагийн удаад эмнэлгийн байгууллагууд эрүүлжүүлэгдэж буй хүмүүстээ хэрхэн үйлчилж байгаа талаарх сурвалжлагыг бэлтгэн хүргэх болно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15470
0 эможи
keyboard_arrow_up