Нийслэлийн иргэн та наашаа суу!

Нийслэл хотын иргэн татвартай болохыг дэмжиж байна уу. Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байгаа. Нэг сая гаруй хүн амтай нийслэлд шилжилт хөдөлгөөн идэвхжиж, төвлөрөл, шинээр байгуулагдаж байгаа болон өргөжин тэлж буй аж ахуйн үйл ажиллагаатай холбоотойгоор нийслэлийн иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангагдах нь улам багасч байна. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой гээд Үндсэн хуульдаа хуульчилчихсан ч гэлээ нийслэлийн иргэд бид өнөөдөр ингэж амьдарч чадахгүй л байна. Утаа, хог, дэд бүтэц, төрийн үйлчилгээ гээд олон зүйл биднийг бухимдуулахад хүргэдэг. Үүнийх нь төлөө дорвитой арга хэмжээ авч чадахгүй байсаар өдийг хүрсэн. Энэ бүгдийг бид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрнө. Харин цаашид яах ёстой вэ гэдэг дээр Засгийн газар нэг шийдвэрийг гаргаж. Энэ бол нийслэлийн хот татвартай болох явдал. Нийслэлд амьдарч байгаа хүн орчин тойрон, амьдарч байгаа нөхцөл байдлаа сайжруулахын тулд татвар төлөх хэрэгтэй гэж тэд үзжээ. Мөн нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл батлагдснаар төсөвт ямар нэгэн хүндрэл үүсэхгүй. Нийслэлд тулгарч байгаа хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх санхүү, төсөв хөрөнгийн эх үүсвэр тодорхой болж, нэмэгдэнэ. Түүнчлэн энэхүү татвараас бий болох орлогын эх үүсвэрийг нийслэл хот төсвийн үр ашигтай удирдах боломж бүрдэхээр тооцоолсон байна.
Нийслэл хотын нутаг дэвсгэрт бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн,үйлчилгээ үзүүлсэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн хувь хүн, хуулийн этгээд нь нийслэл хотын албан татвар суутгагч байх юм. Энэхүү суутгагчаас бараа, ажил, үйлчилгээ худалдан авч буй хувь хүн, хуулийн этгээд нийслэлийн хотын албан татвар төлөгч байна. Энэ бол хуульд заасан тодорхойлолт. Татварын хувь хэмжээний тухайд хэлэхэд тухайн борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнгийн 0-1.0 хувиар тооцож татварыг ногдуулах нь. Ингэхдээ хувь хэмжээг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дээрх хязгаарт багтаан батлахаар тусгажээ. Гэхдээ эрүүл мэнд, боловсрол болон төрийн байгууллагын үзүүлж байгаа үйлчилгээг нийслэлийн хотын албан татвараас чөлөөлөх юм байна. АНУ, Канад, Энэтхэг зэрэг улс Засгийн газраас тогтоосон НӨАТ дээр зэрим мужууд нь 5-8 хувийн мужийн борлуулалтын татварыг нэмж авдаг байна. Үүнтэй адил зарчмаар нийслэл хотыг татвартай болгож, улмаар татварын мөнгийг нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй, тайван орчинд амьдруулахын тулд зарцуулах зохицуулалтыг ярьж байна. Нийслэлийн иргэн та үүнтэй санал нийлж байна уу.
Энэ асуудлыг өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр бараа, ажил, үйлчилгээнд татвар ногдуулах бус тансаг машин, архи, тамхи гээд хэрэглэхгүй байсан ч болохоор зүйлд татварыг ногдуулах нь зөв сонголт болно. Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөлд ийм байдлаар зохицуулалт оруулж өгөх хэрэгтэйг ч ярьж байв. Харин нийслэл хотын иргэн та ямар бодолтой байна вэ.









