Д.Одхүү: Би энэ станцыг барьж өгөөд явна
Монголын Засгийн газар Хөвсгөл нуурын өмнөд хэсгээс эх авч урсдаг цорын ганц гол дээр 1991 оноос хойш УЦС байгуулахаар ярьсан. Бүтэн 23 жилийн турш дуншиж, ашигтай ашиггүй, болно болохгүй, бүтнэ бүтэхгүй гэсээр өнөөг хүрэв. Монголд эрчим хүч үйлдвэрлэх байгууламж биш балгас болсон 13 УЦС бий. Хархорин, Чигжийн гол, Манхан, Үенч, Дөргөнд байгуулсан ч ашиглаж чадаагүй байгаа УЦС-д үе үеийн Засгийн газар нэгээр тогтохгүй үйлдвэр байгуулах хэмжээний хөрөнгө зарцуулсан. Улс орны эдийн засагт үр ашиг авчрах биш, эсрэгээр өр зээлийн нэрмээс болсон эдгээр балгасын араас Эгийн голын УЦС орчих юм биш биз.
Эдийн засагт ашиг тусаа өгөх нь бүү хэл Монголын гол нуурын тогтоц, урсцыг эвдэж, байгаль экологид хохирол учруулж буй УЦС нэмж байгуулах асуудлыг “Өнөөдөр” сонин дэмждэггүй. Ерөөс Монгол орон ус багатай. Цөлжилт хуурайшилт бидний эмзэг асуудал. Тэгэхээр заавал усан станц барих шаардлагагүй. Сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц бидэнд байхад тоотой хэдэн голоо боомилох ямар хэрэгтэй юм бэ. Энэ бол “Өнөөдөр” сонины байр суурь. Манай сонин энэ дугаартаа “Эгийн голын УЦС” төслийн нэгжийн удирдагч Д.Одхүүтэй хийсэн ярилцлагыг нийтэлж байна.
-Эгийн голын УЦС төслийн түүх алдартай. Монголын Засгийн газар 1991 оноос хойш ярьж, 1997, 2007 онд хоёр удаа хэрэгжүүлэх гээд бүдэрсэн. Өнгөрсөн онд энэ төслийг хэрэгжүүлэх галт тэрэг ахиад хөдөллөө. Төслийг ямар ирээдүй хүлээж байгаа бол?
-Би нэг л зүйл хэлж чадна. Төслийг зээл болон хөрөнгө оруулалтын ямар ч хэлбэрээр шийдсэн энэ бол Монгол Улсын ирээдүйд хэрэгтэй ажил. Саяхан сөрөг хүчний удирдагч хэлж байна лээ. Монгол Улсын хэрэгжүүлэх гэж байгаа болон одоо хэрэгжүүлэхэд бэлэн болсон төслүүд дотор олон улсын стандартыг хангасан нь ганцхан Эгийн голын УЦС төсөл гэж. Энэ бол Монгол Улсын эрчим хүчний системийн тохируулгад хамгийн үр бүтээлтэй, эдийн засагт үнэхээр ач холбогдолтой төсөл. Бид төслийг УЦС гэхээс илүү төвийн эрчим хүчний системийн тохируулга болон зохицуулалт талаас харж байгаа.
-УЦС Монголын эрчим хүчний салбарт нэмэр өгөөгүйг 1959 оноос хойш баригдсан 13 УЦС-ын түүх гэрчилдэг. Бид энэ УЦС-уудаас ашиг олоогүй, харин зарснаасаа илүүг алдсан байдаг. УЦС нэртэй төсөл өөрөө төсвөөс мөнгө зувчуулах арга зам юм биш үү?
-Би энэ асуултад чинь тайлбар өгөхгүй. Намайг шалгадаг газраар нь шалгуулж болно. Д.Одхүү гэдэг хүн энэ станцыг барих явцад бүх асуудлаа шилний цаана байгаа юм шиг ил гаргаж тавьсан. Миний санхүүжилт, авдаг өгдөг бүх юм ил байгаа. Би их нээлттэй хүн. Нэг юм байна. Чи надаас төслийн талаар л асуу. Түүнээс биш хэн нэгний эргэлзэж, хардаж байгаа зүйлд би тайлбар өгөх үүрэггүй.
-Та 14 дэх УЦС-ын төслийг удирдаж байна. Таны удирдаж байгаа энэ төсөл эрх баригчдын зөвхөн олон нийтэд таалагдахын тулд хоосон ярьж байгаа, хэрэгжих найдвар муутай төсөл юм биш үү. Ийм ажилд цаг хугацаа зарж, мөнгө үрэх хэрэг байна уу л гэх гэсэн юм?
-Хүмүүс ингээд буруу ойлгоод байдаг. Чи андуурч байна. Битгий муу ёрло. Эгийн голын төсөл өмнөх 13 УЦС-ын араас орохгүй. Энэ төсөл Д.Одхүүгийн төсөл биш, за юу. Энэ бол Монгол Улсын 23 жил хэрэгжүүлэх гэж хичээсэн төсөл. Энэ олон чадалтай залуусыг цуглуулаад, зөв зохион байгуулаад ажилла гэсэн даалгаврыг Монгол Улс надад өгсөн. УИХ дахь сөрөг хүчний дарга М.Энхболд “Энэ бол сайн төсөл. Зөв авч явах ёстой” гэж хэлсэн. Бусад хүн “За Одхүү, Одхүү ах аа, Одхүү миний дүү, чи энэ УЦС-ыг сайн барих ёстой” гэж байна. Энэ бол Монгол Улсын хөгжилд хэрэгтэй төсөл. Би хийнэ.
-Энэ төслийг хоёр ч Засгийн газар барьж аваад хэрэгжүүлж чадаагүй. Зарим Засгийн газар бүр татгалзсан. Цаг хугацааны хувьд ямар үед Эгийн голд УЦС барихад ашигтай болдог, ямар үед ашиггүй болчихоод байдаг юм бол?
-Надаас улс төр бүү асуу. Одоо бол асуудал үүсэхгүй. Би өөрөөс шалтгаалах, алдаа гаргахгүй байх юмаа хийсэн. Би Эгийн голын хөрс, ус, амьтан, жижиг шавьж хорхой, ургамлыг цаг агаартай нь судалж байна. Алдаа гаргахгүйг хичээж байна. Алдсан байсан ч би хэлэхгүй. Ингэж алдаад гэж зарлаад байвал ахиад улс төр яригдана. Би тийм юм хүсэхгүй байна. Надад улстөрч байсан, улстөрчийн ажил хийж байсан үе бий. Д.Одхүүг улстөрчийнх нь хувьд муу, сайнаар хэлж болно. Гэхдээ би нэг л зарчим барьж байна. Би энэ төслийг хэрэгжүүлэхээр ирсэн. Энэ бол хөлсөөр ажиллах гэрээтэй ажил. Би төрийн албан хаагч биш. Тийм учраас би гэрээний дагуу ажлаа сайн хийнэ. Хоёрдугаарт, энэ багийг Монгол Улсад УЦС, усан сангийн байгууламж барьж чаддаг чадвартай мэргэжилтнүүд болгоно.
-Дампуурсан, балгас болсон УЦС-уудын эдийн засагт учруулсан хохирлын бурууг хэн ч хүлээгээгүй. Энэ сул талыг ашиглаад УЦС барьж, эрчим хүч үйлдвэрлэх популист амлалтаар халхавч хийж, хэсэг хүн мөнгө угааж болохгүй баймаар?
-Өмнө төслүүд надад ямар хамаатай юм. Энэ нийгэмд олон ургальч үзэл байгаа. Хүн болгон өөр өөрийнхөө байр суурийг хамгаалж байна. Жиргээн дээр энэ тухай ярьж л байна. Би нэг удаа твиттерт цаг гаргаад, бүтэн 4-5 өдөр зөвхөн УЦС-ын тухай тайлбарласны дараа хамгийн сүүлд “Тэгсэн ч би эсэргүүцнэ” гэж хэлсэн хүн бий. Яахав, хүний араншин байх. Гэхдээ би нийтийн, нийгмийн талаас нь ерөнхий ойлголт өгөөд явъя. Энэ өөрөө мөнгө иддэг төсөл үү, үгүй юү, дампуурах уу, үгүй юү гэдгийг цаг хугацаа харуулна. Өмнөх Засгийн газруудын байгуулсан УЦС-д сайн нь ч бий, муу нь ч бий. Дөргөн, Тайширын УЦС гэхэд Монгол Улсад хэрэгтэй, туршлага болсон УЦС-ууд.
-УЦС төлөвлөж байсан орон зайгаа эрчим хүчээр хангаж, баригдсан өртгөө нөхөж чадахгүй байна. Энд зарцуулсан мөнгө салхинд хийсч байгааг хараад суугаад байж болохгүй биз дээ?
-Тооцоогүйгээр хийсэн УЦС бол бий. 1990-ээд оны үед УЦС гэдэг ойлголт байхгүй байсан. Тэр бүгдийг өнөөдөр яригдаж байгаа УЦС-д нааж, хэрүүл хийх цаг биш. Тэр УЦСуудаас Дөргөн, Тайширынх амжилттай хэрэгжсэн. Нуурыг нь очоод үз, ажиллаж байгаа зарчмыг хар. Чи надаас ярилцлага авч байгаа бол миний ажлыг асуу. Өмнөх станцуудыг би бариагүй. Хоёрдугаарт, тэд цөмөөрөө ашиггүй ажилласан гэх дүгнэлтийг хэн ч гаргаж чадахгүй.
-Дөргөн, Тайшир хоёр чадан ядан ажиллаж байгаа нь үнэн. Тайширын УЦС гэхэд гурван аймгийг эрчим хүчээр хангана гэж байсан ч одоо гурван сумын хэрэгцээг ч хангаж чадахгүй байгаа байх аа?
-Ийм үр ашгийг эдийн засагчид тооцдог юм. Бүх юмыг мөнгөөр хэмжиж болохгүй. Чи бод. Эгийн голын УЦС төслийн хүрээнд археологийн судалгаа хийж, түүхийн 903 дурсгал илрүүлсэн. Энэ дурсгалд зарлага л гарна, өөр юу ч байхгүй. Үүнийг бараг тэрбум гаруй төгрөгөөр санхүүжүүлж байна. Намайг “Тэнэг минь, чи энэ их мөнгийг ямар ч хэрэггүй үрлээ” гэвэл би өөдөөс нь “Биднээс хойш бидний үр хүүхэд мянга мянган жил хадгалагдсан археологийн олдвор, түүхээ мэддэг болж өсөх нь мөнгөөр үнэлэгдэхгүй зүйл” гэнэ.
-Энэ төслийг удирдаж байгаагийн хувьд Та “Монгол Улс УЦС-ын үр ашгийг яагаад хүртэж чадаагүй вэ” гэдгийг судалсан байх. Бид ямар алдаа гаргасан болоод ийм төслийн өмнө бүдрээд байна вэ?
-Би өглөө 07 цагт ажилдаа ирдэг. Шөнийн 24-01 цаг хүртэл унтахгүй шахам ажиллаж байна. Энэ станцын ажлаа барахгүй байж өмнөх УЦС-ын түүхийг хараад сууж байх зав надад ч, манай багт ч байхгүй. Тэгээд ч 1959 онд баригдсан Хархорины УЦС-ын ашигтай ажиллахгүй байгаа шалтгааныг би шалгаад явж чадахгүй. Би орчин үеийн УЦС барих гэж байгаа. Чи миний ажлыг төсөөлөхгүй байна. Асар их ажил байна. Эгийн голын УЦСтөслийг хэрэгжүүлэхийн тулд сүүлийн 20 жилд Монгол Улсын хэмжээнд хийгдээгүй археологийн судалгаа хийж байна. УЦС-ын загас өнгөрүүлэх төхөөрөмжийг барихын тулд НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага санхүүжүүлж Олон улсын хурал зарлалаа. Энэ ажлыг яаж 20 хүн хийж амжих вэ. Хоёрдугаарт, наадах чинь ач холбогдолгүй эд. Наад мэдээллүүд чинь надад туршлага өгөхгүй.
-Уг нь Таныг “Манайхан өмнөх УЦС-ыг байгуулахдаа ийм ийм алдаа гаргаж. Харин бид энэ алдааг давтахгүйн тулд ийм шийдэл гаргалаа” гэж ярих болов уу гэж бодсон юм?
-Энэ талаар яривал хэн нэгнийг ямар нэгэн байдлаар шүүмжилж, ийм учраас энэ төсөл хэрэгжээгүй гэж хэлэх хэрэгтэй болно. Би чамд нэг юм хэлээд байна. Бид хойшоо биш урагшаа харж ажилламаар байна. Хоёрдугаарт, энэ төслийн төлөө зүтгэж явсан хүмүүсийн аар саар алдааг ярих утгагүй л байхгүй юу. Ингэж дүгнэх нь миний ажил биш. Би хоосон чалчдаг хүн биш. Яахав, хамгийн ойр байгаа Дөргөн, Тайшир хоёрын сайн, мууг бол мэдэж байгаа.
-Энэ бол нийгэм, эдийн засаг, байгаль экологи, хүн, мал гээд амьтай болгонд хамааралтай төсөл. УЦС-аас бид эрчим хүч авч чадахгүй, амьд байгалиа сүйрүүлж байна. Энэ жишээ Таны удирдаж байгаа төсөлд давтагдаж мэдэхээр байгаа. Тиймээс өмнөх түүхийг Табиш гэхэд танай баг судлах ёстой биз дээ?
-Үгүй, уучлаарай, Одоогоос 55 жилийн өмнөх болон бусад УЦС-ын ашигтай, ашиггүй байсныг Эрчим хүчний сайд, энэ салбарынхан тооцох ёстой. Манай хүмүүст тэрийг хийгээд явах зав байхгүй. Чи юу яриад байгаа юм. Зөвхөн ТЭЗҮ-г гэхэд дөрвөн жил хийдэг. Дөрвөн жил зарцуулдаг энэ ажлыг бид хагас жилд багтаах зорилго тавьчихаад явж байна. Яахав, бид олж авсан материалуудад анализ дүгнэлт хийсэн. Зарим нь олдохгүй байна. Бид тэрийг хэнээс нэхэх юм бэ. Жишээ нь, Эгийн голын УЦС-ын байрлал зүйн зураг ерөөсөө байхгүй. Тэгээд ч бид төслийг байгуулах гэж ирсэн болохоос хэний буруугаас болсон бэ гэж ял асуух гээгүй. Би энэ ажлыг хийж явсан хүмүүсийг хэзээ ч муулахгүй. Энэ ажлын төлөө зүтгэж байсан үе үеийн Засгийн газарт харин ч баярлах ёстой.
-Дэлхий нийт УЦС-аас илүү нар, салхинаас эрчим хүч гаргаж авахыг зорьж байна. Манайд жилийн 365 хоногийн 230 гаруй хоногт нар ээдэг. Нөгөө талаар салхины эрчим хүчний асар их нөөц бий. Ийм байхад яагаад заавал УЦС гэж?
-Салхинаас эрчим хүч гаргаж авах арга чинь харин ч байгаль экологид хортой. Нөгөө яриад байгаа цөлжилтийг чинь идэвхжүүлдэг. Салхин станцын сэнсний үлээлт экологид хортой, цөлжилтийг хурдасгадаг гэдгийг тогтоогоод байгаа.
-Ашиггүй УЦС-аас болж бид байгалиа сүйтгэж цөлжилтөд нэмэр болох ёсгүй, ундны усны нөөцөө шавхаж болохгүй нь ойлгомжтой. Монгол Улс эрчим хүчний аюулгүй байдлаа хүнсний, экологийн, хүний аюулгүй байдлаараа сольчих вий. Энэ бол манай сонины байр суурь. Та төслийн ажлыг энэ өнцгөөс харж байв уу?
-Ц.Балдорж ахыг “Далай ээж цаазын давцанд” нийтлэлээ бичиж байх 1980 оны дундуур энэ хүнийг дэмжиж явсан цөөхөн уулын инженерүүдийн нэг нь би. Би танай сонины байгаль орчны төлөө байр суурийг дэмждэг. Гэхдээ танай сонин манай төслийг өөр өнцгөөс бичдэг. Одоогоос 20-30 жилийн өмнө нэг дурак нэг сумын төвийн хажууд далан барьж, тэндээ дамар тавьчихаад УЦС гээд нэрлэчихэж. Түүнийг өнөөдрийн XXI зууны, хэмжээ далайц нь том УЦС-тай зүйрлэж болохгүй.
-Манайхан өмнөх УЦС нэртэй балгасуудаа дэлхийд баригдсан УЦС-ын өртгөөс өндөр үнээр барьсан байдаг. Энэ төслүүдтэй харьцуулахад Таны удирдаж байгаа төсөлд зарцуулах хөрөнгө их үү, эсвэл багад тооцогдох уу?
-Өнөөдөр дэлхийн улс орнуудад УЦС-ын нэгж, нэг ГВт, МГв нь хэдээр босч байна вэ. Тэр жишгээр төслийн өртгийг бодвол нэг тоо харагдах байх. Гэхдээ энэ өртөг улс улсад өөр байх жишээтэй. Ийм жишиг судалгаа бидэнд байгаа. Одоо тоо хэлэхэд бэрх байна. Тооцоог нарийн гаргана. Ямар ч байсан 2007 оны төсөлд 385 сая ам.доллар зарцуулна гэж тооцсон байдаг. Гэхдээ энэ бол бага мөнгө. Манай тал нэмэлт санхүүжилт хийх ёстой байсан. Манай төслийн нийт өртөг өнөөгийн ханшаар бодогдоно. Үнийг бид зохиохгүй. Тооцоо хийгдэж байгаа. Бид магадлалыг 4-5 төрлөөр тооцож байна. “Самурай” бонд гэхэд 1.5 хувийн хүүтэй. Гэхдээ яг Монгол Улсын эдийн засагт буухдаа 3.86 хувийн хүүтэй тусч байна. Энэ бол хамгийн хямд мөнгө. Хэрвээ төслөө зээлээр санхүүжүүлнэ гэх юм бол хүү нь жилд зургаан хувь байвал ашигтай гэсэн тооцоо урьдчилсан байдлаар харагдаж байгаа. Тоймлож харах юм бол УЦС-ын байгууламжид 700 гаруй сая, зам гүүрийн ажилд 200 сая, нийт тэрбум орчим ам.доллар зарцуулж магадгүй.
-Таны удирдаж байгаа төсөл хэдэн жилийн дотор хэрэгжиж дуусах бол?
-ТЭЗҮ-ээ бэлэн болгочихвол зам гүүрийн ажил, УЦС-ын байгууламж барих ажлаа эхл үүлж, Эгийн голд найман жилийн дараа эрчим хүч үйлдвэрлэж эхэлнэ гэж тооцож байгаа.
-Хоёр сонгуулийн нүүр үзэх нь ээ. Засаг солигдоход ноён “баяртай” болдог одоогийн жишгээр төсөөлбөл төслийн баг хэд хэдэн удирдлагын царай харна. Бүр хэн нэгэн эрхтэн дархтан төслийг үр ашиггүй гэж хэлээд нэгмөсөн зогсоож ч мэднэ. Та энэ талаас нь бодож үзсэн үү?
-Ингэж муу ёрлож болохгүй. Энэ ажил хийгдэх ёстой. Би бол ажлаа сайн, хурдтай хийж, төслийн хэрэгжих хугацааг аль болох урагшлуулах юмсан гэж бодож байна. ТЭЗҮ боловсруулах ажлаа эрчимтэй хийж, төсөлтэй хамтарч Монголд судалгаа хийх байгууллагуудтай гэрээ, хэлэлцээр хийх ажлаа дууслаа. Ойрын үед гэрээг үзэглэнэ. Төслийн нэгж гаднын дөрвөн зөвл өх компанитай байх ёстой. Харин бид хоёр зөвлөх компанитай ажиллана. ТЭЗҮ-ийг энэ онд багтаан шинэчилж дуусгана. Олон улсын банк санхүүгийн байгууллагын шаардлагыг хангасан ТЭЗҮ бэлтгэж, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон бусад холбогдох баримт бичгийг эцэслэж, дуусгана, ажлаа нэлээн явуулна гэж зорьж байна. Хүмүүс энд Д.Одхүү гэдэг хүнтэй хэдэн улстөрч нэг юм хийх гэж оролдоод байна гэж бодоод байх шиг байна. Тийм биш, бид сүүлийн 30 жилийн цаг агаарын мэдээ, 1965 оноос хойших эрчим хүчний задаргаа, 2030 он хүртэлх эрчим хүчний горимын тооцоог хийсэн. Өвөл, зун, хавар станц яаж ажиллах юм гэдгийг гаргасан байгаа.
-Эгийн голын УЦС төслийг 1996-1997 онд М.Энхсайханы Засгийн газар хэрэгжүүлэх гэж зүтгүүлээд бараагүй. Тендер зарлагдаад сураг алдарсан. Төсөл яагаад зогссон шалтгааныг Та мэдэх үү?
-Тухайн үед энэ тендерт Малайз, Чехийн хоёр компани оролцсон. Энэ бол улс төр нь байсан. Улс төрийн асуудал нь надад хамаагүй. М.Энхсайхан гэдэг хүн энэ төслийг хэрэгжүүлэх гэж зүтгэсэн. Тэрнийх нь төлөө баярлалаа гэж хэлэх ёстой. Тухайн үед сонин хэвлэлээр гарч байсан мэдээллийг би авч байсан. Миний ойлголт тэр мэдээллийн түвшинд л байна. Илүү ярих юм алга.
-Яг 10 жилийн дараа М.Энхболдын Засгийн газар энэ төслийг хэрэгжүүлж, тендер зарлаад Эрчим хүчний сайдынхаа огцрох эсэхийг шийдсэн. Энэ түүх юуг харуулаад байна вэ?
-Би үүнийг судалж яах юм. Энэ хэнд хэрэгтэй гэж. Тэр Засгийн газар сайдтайгаа ашиг сонирхол болон улс төрийн зорилгоор л ноцолдоо биз. Улс төрийн зорилгын цаад талыг харж, ухаж байх цаг зав надад байхгүй. Археологийн судалгаа хийгээгүй, загас дамжин өнгөрүүлэх төхөөрөмжгүй гэх зэрэг жижиг шалтаг тоочсон байхгүй юу. Гэтэл тэр бүгдийг зохицуулах энгийн боломж байсан. Энэ ажлыг хийх гэсэн нь М.Энхболдын буруу биш. Тэрийг хийх бололцоо байсан ч чадаагүй, тэр нь шалтаг болж төсөл татагдсан. Би энэ УЦС-ыг барих гэж сэтгэл гаргасан хүмүүсийг муулмааргүй байна. Би шүүгч биш. Яагаад энэ төсөл зогссон бэ гэдгийг би хэлэхгүй. Одоо энэ төслийг удирдаж байгаагийн хувьд тэр тэгсэн, энэ ингэсэн гэж гонгиномооргүй байна. Д.Одхүү гэдэг хүн энэ станцыг барьж өгөөд явна.
-Эгийн голын төсөл яагаад 23 жил ахиж чадаагүй вэ. Шалтгаан нь юунд байдаг юм. Үүнийг Та мэдэж байх ёстой биз дээ?
-Төсөл яагаад 23 жил урагшлаагүй вэ гэдэгт би анализ хийсэн. Гэхдээ чамд хэлэхгүй. Надад байхад л хангалттай зүйл. Ямар нэг үйлийг бүтээж байгаа хүнд сайн, муу аль аль нь байдаг
-Энэ төсөл яригдахаар цаана нь улс төр, мөнгө үнэртдэг. Төслийг дахин барьж авсан энэ цагт, Таны үед ч улс төрийн ямар нэгэн зорилго, сонирхол орж ирэхгүй гэсэн баталгаа байхгүй биш үү?
-Энэ төслөөр оролдвол оролдоно л биз. Хэрвээ ийм юм болбол тухайн үед нь хариулт өгье. Одоо тэрийг бодож цаг, нервээ зараад яахав. Надад сонин биш байна.
-Баабар, Ша.Батбаяр гээд олон улстөрч Эгийн голын УЦС-т өслийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой гэж үздэг. Танд юу бодогддог вэ?
-Энэ талаар хэлж, ярих нь яриг л дээ. Гэхдээ би бол ярихгүй. Би Эгийн голын УЦС-ыг баримаар байна. Үүнийг бодож байхаар Эгийн голын талбайд хийгдээгүй палеонтологийн судалгааг яриад, хөрс судлах ажлаа хийсэн нь дээр. Би саяхан энэ ажлыг хийх гэрээнд гарын үсэг зурлаа. Эгийн гол болон байгууламжийн үйл ажиллагаанд хамаатай оролцох салбар голоос усны дээж авах их ажил надад байна. Энэ ажлыг хийхэд миний энэ багт ажиллаж байгаа хүний тоо хүрэхгүй байна. Би ажлаа л хиймээр байна. Зөв ойлгоорой.
Цаг зав гарган ярилцлага өгсөн Танд баярлалаа.