Маргааш эмч, багш нар жагсана

Хөдөлмөр нийгмийн зөвшлийг хангах, 2015-2016 оны гурван талт хэлэлцээ өчигдөр эхэлсэн. Энэ хэлэлцээнд Засгийн газрыг төлөөлөн оролцож буй тал болох Хөдөлмөрийн яам иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломжгүй, төрийн албан хаагчдыг цомхотгоно гэдгээ илэрхийлсэн байна. Харин үйлдвэрчний эвлэлийн холбоод дээрх саналыг эсэргүүцэж байгаагаа өнөөдөр илэрхийлсэн юм. Тиймээс маргааш нийслэлийн төв талбайд эмч, багш нар эрх баригчдад дуу хоолойгоо хүргэж жагсахаар болжээ. Жагсаалд 10 мянга орчим эмч, багш нар, соёл урлагийн байгууллагын төлөөлөл оролцох гэнэ. Мөн Эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн ажилтны ҮЭ-ийн холбоод өчигдөр хуралдан, шуурхай ажлын хэсэг, штаб байгуулж, хамтын тэмцэл өрнүүлэхээр тогтжээ. Хэрэв гурван талт хэлэлцээ үр дүнд хүрэхгүй, УИХ, Засгийн газраас цалин, тэтгэвэр нэмэгдүүлэхгүй, нийгмийн хамгааллын зардлыг бууруулна гэдэг байр сууриа өөрчлөхгүй бол дээрх ҮЭ-үүд хамтын маргаан үүсгэхээр төлөвлөсөн байна.









