Ц.Оюундарь АН-аас хараат бус байж чадах уу

2015 оны 1 сарын 06

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн даргаар өнөөдөр Ц.Оюундарийг томиллоо. Тэрээр 2012 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж байсан. Мөн өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн албан тушаал хашиж байлаа. Өнөөдөр болсон зөвлөлийн хурлаар МҮОНРТ-ийн даргад нэр дэвшихээсээ өмнө АН-ын генсекийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Ингээд Үндэсний зөвлөлийн хуралд оролцсон гишүүд 100 хувийн саналаар түүнийг МҮОНРТ-ийн даргаар томилсон байна. 

Шинэ оны өмнө МҮОНРТ-ийн зөвлөлийн гишүүдийг УИХ-аас шинээр томилсон. Энэ үеэрээ УИХ-ын дарга З.Энхболд шинээр томилогдсон гишүүдэд хандан “Ажлаа сайн хийгээрэй. Та нар аймшгийн газарт очиж байгаа” шүү хэмээсэн нь тус телевизийн жирийн ажилчдын дургүйцлийг хүргэсэн. Үүний дараа УИХ-ын дарга З.Энхболд тайлбар хийхдээ зөвхөн тус телевизийн дарга М.Наранбаатарт хандаж хэлсэн үг хэмээсэн билээ. Тэгвэл шинээр томилогдсон Үндэсний зөвлөлийн анхны хуралдааны үеэр МҮОНРТ-ийн дарга М.Наранбаатар өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэж өгсөн юм. Өөрөөр хэлбэл, М.Наранбаатарыг чиглэсэн улс төрийн дарамт тодорхой хэмжээнд байсныг үгүйсгэхгүй. Тийм ч учраас М.Наранбаатар ажлаа өгч, оронд нь АН-ын Генсекээр ажиллаж байсан Ц.Оюундарь томилогдсон байж болох. Хэрэв энэ тохироогоор явсан бол МҮОНРТ Ардчилсан намын “халаасанд” бүрэн орлоо л гэсэн үг.

Нөгөөтэйгүүр Ц.Оюундарийн хувьд МҮОНРТ-д сэтгүүлчээр ажиллаж байсан. Мөн үндэсний олон нийтийн радиогийн даргаар ч ажиллаж байсан, мэргэжлийн сэтгүүлч хүн юм. Хэрэв тэрээр улс төрийн элдэв ашиг сонирхлоо хаяж, Үндэсний олон нийтийн радио, телевизийн ажлыг сэтгүүлчийн нүдээр харж, шинэчилж, өөрчлөхийн төлөө явж байвал сайн л хэрэг. Мэдээж МҮОНРТ-д шинэчлэл хэрэгтэй байгаа. Шинэчлэлийг Ц.Оюундарь гүйцэтгэж чадах уу, үгүй юу гэх асуулт гарч ирж байна. Нэг талаас тэр бол мэргэжлийн сэтгүүлч. Энэ галт тогоонд ажиллаж байсан учраас тэр чадах байх. Харин нөгөө талаас улс төрийн ашиг сонирхол, АН-ын ашиг сонирхлын үүднээс МҮОНРТ-ийн ажлыг хараад эхэлбэл, шинэчлэлийг хийж чадахгүй л болов уу.

Ц.Оюундарь АН-аас хараат бусаар, зөвхөн үндэсний олон нийтийн радио телевизийн хөгжлийн төлөө ажиллаж чадах эсэхийг цаг хугацаа харуулна. Ямартай ч олон жилийн турш “бугшсан” МҮОНРТ-д “салхи” орлоо. Үндэсний зөвлөлийн гишүүдийн дийлэнх өөрчлөгдсөн. Мөн Үндэсний олон нийтийн радио телевизийн захирлыг ч өөрчиллөө. Өөрөөр хэлбэл, шинэ бүрэлдэхүүн, шинэ баг МҮОНРТ-д ажиллахаар болж байна. Тэд эхний ээлжинд МҮОНРТ-ээс 100 орчим хүний цомхотгохоор болж, зоригтой шийдвэр гаргалаа. Дараа дараагийн удаад олон нийтийн телевизийг илүү шинэлэг, шилдэг болгохын төлөө ажиллана гэж найдъя. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15120
0 эможи
keyboard_arrow_up