Хилийн чанадад төрсөн ч гурван сая дахь иргэн болох боломжтой

Манай улс гурван сая дахь иргэнээ хүлээж авахад цөөн хэдэн хоног үлдээд байна. Эрүүл мэнд спортын яам болон Үндэсний статистакийн газар хамтран гурван сая дахь иргэнээ хэрхэн тодруулах тухай Засгийн газрын 400 дүгээр тогтоолын хүрээнд 21 аймаг, есөн дүүргийн Эрүүл мэндийн газар болоод Статистакийн газар, Аймаг дүүргийн Засаг дарга нартай цахим хурал хийлээ.
Хуралд Эрүүл мэнд спортын сайд Г. Шийлэгдамба, Үндэсний статистакийн газрын дарга С.Мэндсайхан болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Үндэсний статистакийн хорооны өчигдрийн мэдээллээр Монгол Улсын хүн амын тоо 2 995 949 болсон байна.
Одоо 4051 хүүхэд шинээр мэндлэхэд Монгол Улсын хүн ам гурван саяд хүрэх аж. Гурван сая дахь иргэнийг тодруулахдаа тухайн өдрийн 00 цагаас эхлэн 24 цаг хүртлэх хугацаанд төрсөн төрөлт бүрийн мэдээллийг үндэслэх юм.
Ингэхдээ Монгол Улсын харьяалалтай иргэнээс мэндэлсэн хүүхэд бүрийг гурван сая дахь иргэн тодруулах бүртгэлд хамруулна. Монгол Улсын харьяалалтай иргэн нийслэл, дүүрэг, аймаг, сум цаашлаад хилийн чанадад ч төрсөн бай гурван сая дахь иргэнийг тодруулах бүртгэлд хамрагдах журамтай юм байна.
Журмын дагуу Монгол Улсын иргэн өөрийн үндсэн хаяг болоод төрх эмнэлгээс бусад газар төрсөн тохиолдолд тухайн өдөртөө багтан үндсэн харьяалалдаа хүүхэд төрсөн он сар өдөр цаг минутаа бүртгүүлэхээр заасан байна.
Гурван сая дахь иргэнээр тодорсон хүүхдэд орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний буюу 70 сая төгрөгийн урамшуулал олгоно
Хилийн чанадад төрсөн Монгол иргэдийн хувьд тухайн улсынхаа консулын газарт төрсөн эмнэлэгийнхээ төрөлтийн албан ёсны бүртгэлийг тухайн өдөрт нь тэмдэглүүлэх ёстойг мөн журамд тусгажээ.









