2015 оноос хүлээх хүлээлт

2015 оны 1 сарын 05

Улиран одсон 2014 он Монгол Улс, монголчуудын хувьд хүндрэл, хямралыг даван туулж, Засгаа огцруулж, шийдлийн, эв нэгдлийн Засгийн газар байгуулсан он байлаа. Харин одоо 2015 он гарлаа. Шинэ он Монголчуудын хувьд ямар байх бол. Шинэ онд монголчууд Засгийн газар, бодлого боловсруулагчдаас юу хүлээж болох вэ. Хүлээлт эерэг үү, сөрөг үү.

 

 

Бүсээ чангалах жил

 

Шийдлийн Засгийн газрын тэргүүн 2015 оны төсвийн тодотголын талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахдаа бүсээ чангалах жил ирж буйг сануулсан. Хөрсөн дээрээ бууж, хүндрэл, хямралыг хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг мэдэгдсэн билээ. Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг 2015 оны төсвийг тодотгохдоо юуны өмнө орлого, зарлагыг нэг их наяд төгрөгөөр танана гэдгээ мэдэгдсэн. Ингэхдээ хүүхдийн мөнгийг эцэг, эхийнх нь орлогоос хамаарч ялгавартай тогтоох, одонтой ээжүүдэд мөн ялгавартайгаар одонгийн мөнгийг олгох, оюутны 70 мянган төгрөгийг сурлагын дүнгээс хамаарч олгох гэх зэргээр халамжийн бодлогуудыг багасгана. Түүнчлэн малчдаас малын хөлийн татвар авах, төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдын цалингийн нэмэгдлийг нэг жилийн хугацаанд тэвчих гэх зэргээр бүсээ чангалах бодлогуудаа танилцуулсан. Шинэ оны эхний ажлын өдрөөс эхлэн УИХ 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлнэ. Засгийн газар хэрвээ өмнө нь танилцуулж байсанчлан төсвийн тодотголоо оруулж ирсэн бол 2015 он монголчуудын хувьд бүсээ нэлээд хэмжээгээр чангалсан жил байх нь. 

 

 

Мөнгөний хатуу бодлого хэрэгжих үү

 

Монголбанк өнгөрсөн оны долоодугаар сарын 30-нд мөнгөний бодлогын шийдвэр гаргасан. Ингэснээр бодлогын хүүг 10.5-аас 12.0 хувь болгож чангаруулсан билээ. Түүнчлэн УИХ-аар батлуулсан 2015 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд хатуу бодлогыг цаашид үргэлжлүүлэх тухай асуудлыг тусгасан. Энэ тохиолдолд 2015 онд инфляци буурах боломжтой. Харин энэ бодлогын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа тодорхой хэмжээнд хумигдаж, эрэлт буурна. Бүр цаашилбал, ажлын байран дээр ч бас хорогдол гарахыг үгүйсгэхгүй. Ерөөс мөнгөний хатуу бодлого гэдэг хүсэх зүйл биш гэдгийг эдийн засагчид энэ утгаар нь хүлээн зөвшөөрдөг билээ. Гэвч эдийн засагт буй болж болзошгүй илүү том эрсдлийг даван туулж, урьдчилан сэргийлэхийн тулд мөнгөний хатуу бодлогыг хэрэгжүүлдэг жамтай.Хэрвээ ам.долларын урсгал татарсан, Оюутолгойн асуудал шийдэгдэхгүй хэвээр байвал төв банк мөнгөний хатуу бодлогоо үргэлжүүлэх болно гэдгээ мэдэгдээд байгаа юм. 

 

 

Томоохон бүтээн байгуулалтууд 

 

Хэдийгээр монголчууд бүсээ чангалахаар болоод байгаа ч шийдлийн Засгийн газар үүнтэй зэрэгцээд эдийн засгийг тэлэх, бүтээн байгуулалтын төслүүдээ үргэлжлүүлнэ. Энэ онд Хөшигийн хөндий дахь шинэ нисэх буудлын ажлыг үргэлжлүүлнэ. Мөн цахилгааны шинэ эх үүсвэрүүдийг барьж, байгуулах хүрээнд нийтдээ 1100 мегаваттын шинэ эх үүсвэр ашиглалтад орох учиртай. Түүнчлэн баруун аймгуудыг автозамаар холбож, 21 аймгаа автозамтай болгох, төмөр замын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх гэх зэрэг олон зорилтууд бий.

 

 

Ам.долларын ханш буурах уу

 

2014 он монгол төгрөгийн эсрэг ам.долларын ханш чангарсан жил байлаа. Төв банкны албан ханшаар ам.долларын ханш 1880 орчим төгрөгтэй тэнцэж байна. Энэ ханш 2014 оны эхэнд 1659.30 төгрөг байжээ. Өөрөөр хэлбэл, ханш 2014 онд 1659-өөс 1880 төгрөг болтлоо 220 орчим төгрөгөөр чангарсан байна. Тэгвэл 2015 онд ам.долларын ханш буурах уу. Шийдлийн Засгийн газар томоохон төслүүдийн гацааг арилгахаа мэдэгдсэн. Энэ хүрээнд Тавантолгойн төсөл дээр хөрөнгө оруулагчийг шалгаруулаад байгаа. Түүнчлэн Оюутолгойн асуудлыг хэрхэн шийдвэрлэх шийдлээ ч бас ойрын хугацаанд УИХ-аар хэлэлцүүлж, шийдвэрлэнэ гэж буй. Тавантолгой, Оюутолгойгоос гадна бусад стратегийн томоохон ордуудыг хөдөлгөөнд оруулах чиглэлээр анхаарч ажиллана. Дээрээс нь Өрийн удирдлагын тухай хуулийг батлуулж, шинээр ам.доллар орж ирэх сувгийг нээж чадвал 2015 онд ам.долларын ханш төгрөгийн эсрэг эргээд сулрах болов уу. Гэхдээ бүх зүйлийг цаг хугацаа л харуулна. 

 

 

Оюутолгойн гацаа

 

Сүүлийн хоёр жилийн турш Оюутолгойн асуудал Монголын эдийн засгийн “гацаа” болсоор ирлээ. Шинэ Засгийн газар Оюутолгойн асуудлыг эдийн засгийн утгаар нь харж, шийдвэрлэх болно гэдгээ мэдэгдсэн. Чухам хэрхэн, яаж шийдвэрлэх вэ гэдэг нь анхаарлын төвд байгаа. УИХ-ын зарим гишүүд Оюутолгойн 34 хувийг зарах нь хэмээн хардаж байгаа. Харин шийдлийн Засгийн газар одоогоор энэ талаар ямар нэгэн тодорхой байр суурь илэрхийлээгүй байна. Гэхдээ асуудлыг ямар нэгэн байдлаар шийдвэрлэх л учиртай. Хэрэв Оюутолгойн асуудлыг шийдчихвэл гадаадын хөрөнгө оруулагчдад томоохон сигнал болно. Хэдэн жилийн турш буурсан гадаадын шууд хөрөнгө оруулалт эргэж сэргэх, Монгол эргээд моодонд орох боломжийг Оюутолгой нээж өгөх учиртай. Хэрвээ Оюутолгойн асуудлыг шийдчихвэл төслийн үйл ажиллагаа улам өргөжин тэлж, хүмүүс ажилтай болох, доллар орж ирэх, ханш буурах, цаашлаад экспортын орлого нэмэгдэх гэх зэрэг олон эерэг үр дүнг авчрах юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15023
0 эможи
keyboard_arrow_up