Сайн байна уу, 2015 он!

2015 оны 1 сарын 03

2014 он халаа өгч, 2015 он айлчлан ирлээ. 2015 он бол улс төр, нийгэм, эдийн засгийн хувьд манай улсад чухал үйл явдал болох онцгой жил байх болно. Ялангуяа эдийн засгийн нөхцөл байдал хүндэрчихсэн энэ үед Засгийн газар бүсээ чангалсан, хэмнэж болохыг зардлыг хэмнэхээр төсвийн тодотголд тусгасан байгаа. Энэ оны төсөвт тодотголыг хийх төслийг Засгийн газраас өнгөрсөн оны сүүлчээр өргөн мэдүүлсэн. Тэгэхээр УИХ төсвийн тодотголыг оны эхэнд хэлэлцэх учиртай. Шийдлийн Засгийн газар бизнес эрхэлж яваа захирлын хүүхэд, хоногийн хоолоо залгуулах гэж зүтгэж яваа аавын хүүхдийн аль алинд нь 20 мянган төгрөгийг бэлнээр өгдгийг болиулж байна. Тэд сарын саяас давсан орлоготой өрхийн 20 мянгыг түр зогсоож, мөнгө шаардлагатай өрхийн хүүхдэд энэ мөнгийг үргэлжлүүлэн олгохоор боллоо. Мөн үнэхээрийн онц сайн сурч байгаа оюутнууд л 70 мянган төгрөгөө үргэлжлүүлэн авах ёстойг хэлсэн. Энэ бол шударга зарчим болохыг Ерөнхий сайд тодотгон хэлсэн юм. Төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжид салбар бүр харилцан адилгүй 12-36 сартай тэнцэх хэмжээний тусламж олгодог асуудлыг цэгцэлж, салбар харгалзахгүй 12 сараар тогтоох шаардлагатай байгаа юм. Түүнчлэн малчдад хандсан олон татаасыг цэгцэлж малын хөлийн татварыг орон нутаг нь өөрсдөө тогтоож өөрсдөө хэрэглэж байх эрхийг нь олгох хэрэгтэй болсон. Монгол Улсын 2014 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 1 их наяд гаруй төгрөгөөр буурахаар байгаа бөгөөд энэ онд ч эдийн засгийн нөхцөл байдал сайжрах төлөв ажиглагдахгүй байгаа. Иймд 2015 оны төсвийн орлогыг бодитойгоор тооцох, батлагдсан хэмжээг бууруулах зайлшгүй шаардлага байгаа учир ийнхүү энэ оны төсөвт тодотгол хийхээр өргөн барьсан нь энэ юм.  

2015 оныг олон томоохон ажлын бэлтгэлийн он жил гэж хэлж болно. УИХ-д ч мөн олон хуулийн төслүүд хүлээгдэж байгаа. Ирэх онд сонгууль болно. Тиймээс Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг энэ онд хэлэлцэж, батлах учиртай. Мөн Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудалд гол анхаарлаа хандуулах шаардлага бий. Түүнчлэн 2016 онд АСЕМ-ийн чуулга уулзалтыг манай улсад зохион байгуулахаар болсон. Иймд уг уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг энэ онд хийж, хэрэгжүүлэх ёстой. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч уг ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах үүрэг бүхий Үндэсний зөвлөл байгуулах тухай зарлигийг гаргасан. Ерөнхийлөгчийн зарлигт “Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг 2016 онд Улаанбаатарт зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөл байгуулж бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай. Үндэсний зөвлөлийн ажлын хэсгүүд болон ажлын албын байгуулан ажиллуулах, Үндэсний зөвлөлийн ажлын төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг нь сар бүр танилцуулж ажиллахыг Үндэсний зөвлөлийн даргад даалгасугай” гэсэн юм. Мөн энэ онд хүлээгдэж байгаа бас нэг асуудал бол эдийн засаг сайжрах явдал. Эдийн засгийг сайжруулснаар ард түмний амьдралд ирэх дарамт үгүй болох учиртай.

Засгийн газар хувийн хэвшлийнхнийг дэмжихээс гадна томоохон төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулж гацаанаас гаргахаа мэдэгдсэн. Үүний эхлэл болгож Тавантолгойг гацаанаас гаргаж, гурван улсын хамтарсан компаниудын консорциумыг хөрөнгө оруулагчаараа сонгон шалгаруулаад байгаа. Уг ажлын хэлэлцээг ирэх даваа гарагаас эхлэхээр болсноо Тавантолгой мега төслийн ажлын хэсгийнхэн мэдээлсэн. Уг төслийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулагчдаас дөрвөн тэрбум ам.долларын санхүүжилтийг оруулах урьдчилсан мэдээлэл бий. Мөн Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулж, улам сайжруулах шаардлагатайг Засгийн газар хэлж байгаа. Тэгэхээр энэ он хэдэн жил маргалдсан Оюутолгой, Тавантолгойн гэрээ хэлэлцээрүүд хийгдэх он байх нь. Үүнийгээ дагаад төмөр зам, эрчим хүч гээд төслүүдэд мөнгө босгож, ажлыг хийхээр байгаа юм. Энэ утгаараа Засгийн газар дээрх төсөл хөтөлбөрүүд дээр ажиллах Монгол Улсын сайд гэсэн албан тушаалыг гаргасан.

Монгол Улс энэ онд 3 саяулаа болно. Гурван сая дахь иргэнээ энэ сард хүлээж авах бэлтгэлийг хийж байгаа. Гурван сая дахь иргэн, түүнтэй нэг өдөр төрсөн хүүхдүүдийг төр засгаас шагнаж урамшуулахаа мэдэгдсэн юм. Гурван саяулаа болох монголчуудыг 2015 он томоохон шийдвэр, хийж хэрэгжүүлэх ажлаар дүүрэн угтаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14975
0 эможи
keyboard_arrow_up