Уншигч таны гэрт өдөр бүхэн инээд цалгиж байг

2014 оны 12 сарын 31

Уншигч таны гэрт өдөр бүхэн инээд цалгиж байг
Ширхэглэн будрах цастай хамт
Шинэ он айлчлан ирлээ
Хотын гудамж цав цагаан цасаар хучигдаж
2015 он жаргал дуудан ирлээ


Нэг жилийн хугацаанд бидэнтэй хамт байж, мэдээ мэдээллийн эрин үетэй хөл нийлүүлэн алхсан уншигч та бүхэнтэй улиран одож буй 2014 он, айчлан ирж буй 2015 оны гал халуун мэндийг “mminfo.mn” сайт,  “Монголын мэдээ”  сонины хамт олны зүгээс өргөн дэвшүүлж байна. Уншигч таны гэрт өдөр бүхэн инээд хөөр, аз жаргал бялхаж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Өнгөрөгч нэг жилийн хугацаанд монголын нийгэм улс төрийн салбарт өрнөсөн олон онцлох үйл явдлын гэрч нь болж, цаг үеийн мэдээ мэдээллийг шуурхай хүргэж байсан гэдэгтээ итгэлтэй байна.

Нэг жилийн хугацаанд уншигч та бүхэндээ тэнцвэртэй мэдээ мэдээллийг хүргэж, дэлхийн нүд чих болж, фэйсбүүк, твиттер зэрэг социал ертөнцийг ашиглан цаг үеийн мэдээ мэдээллийг шуурхай хүргэж ажиллажээ.

Улс төрийн хүрээнд өрнөсөн цаг үеийн асуудлаар тэр дундаа Шинэчлэлийн Засгийн газрын дараа бүрдсэн Шийдлийн Засгийн газрын талаарх мэдээллийг цаг минут тутамд хүргэж, монголчуудын ирэх хоёр жилийн амьдралыг зураглах сайдуудын хэн нь хэн бэ гэдгийг намтар, хувь хүнийхээ хувьд ямар хүн болох талаар дэлгэрэнгүй хүргэж ажиллалаа.

Мөн цахим  хуудас, сониноороо дамжуулан “Онцлох хуудас” ажиллуулж, нийгэм эдийн засаг, улс төр, гэмт хэргийн ертөнцөд анхаарал татсан асуудлыг энэ хуудсаараа хөндөж сэтгүүлчийн зүгээс ямар өнцөг эрэлхийлж байгаагаа бичиж байв.

УИХ-ын амлалтыг сануулах үүднээс “Тойрогт чинь ажиллана аа”, иргэдийн албан тушаалтнуудаас авч чадахгүй байгаа асуултуудыг долоо хоног бүр авч “Та хариулахгүй байж болохгүй” булангаараа дамжуулан хүргэж байлаа. 19 настай дэлхийн аваргынд манай сайтын сэтгүүлчид нэг өдөр өнжиж, Шар хадны эцэст гэр хороололд хүн болсон дэлхийн аваргын гэрээс хийсэн сурвалжлага, гэрэл зураг маань дэлхийн цахим сайтуудад эх сурвалжтайгаа нийтлэгдэж байв.

Энэ мэт маш олон арван түүхийн гэрч болсон сайхан он гарлаа. Өнгөрч буй 2014 оны хэдийгээр нийгэм эдийн засгийн хувьд амаргүй байсан ч тив дэлхийд Монгол Улс маань зөвөөр сурталчилсан олон арван амжилтын эзэд төрөн гарчээ.

Жүдо бөхийн дэлхийн аварга нэг, чөлөөт бөхийн дэлхийн аварга нэг төржээ. Түүнчлэн бодибилдингийн дэлхийн аваргатай болсон сайхан он байлаа.

Оюун ухааны спортод монголчууд өнгөрөгч онд маш олон амжилтын эзэд болж, дэлхийн рекордыг шинэчилсэн он жилүүд байлаа.

Цаашлаад монгол жүжигчдийн жүжиглэх авьяас хойд, өмнөд хөршийн хэмжээнээс хальж Холливудад хоёр жүжигчин маань дүрээ мөнхөлсөн сайхан он болов. Жүжигчин Б.Амарсайхан, Р.Анхням, “Алтан Ураг” хамтлаг, найруулагч Б.Ангараг гээд маш олон амжилтын эздийг энд дурьдаж болж байна.

Цаашлаад улс төрийн салбарт хоёр том айлчлал боллоо. Мөнхийн хоёр хөршийн маань төрийн тэргүүнүүд ажлаа авсан эхний жилүүддээ Монгол Улсыг зорин ирж хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргасан нь монголчуудын хувьд нэгэн сайхан баярт үйл явдал болсон юм. Энэ мэт дурьдаад байвал олон сайхан амжилт, бахархал төрүүлсэн үйл явдлууд 2014 онтой хамт түүхэнд мөнхрөн үлдэж байна.

Энэ бүх амжилтын гэрч болж бидэнтэй хамт байсан уншигч та бүхэнтэйгээ mminfo.mn сайт ирэх онд илүү их мэдээ, мэдээлэлтэй уулзах болно. Таны гэрт гэгээн сайхан мэдээтэй өглөө бүр учирна гэдэгтээ итгэлтэй байна.

2014 оны турш хамтарч ажилласан Засгийн газар, УИХ-ын Тамгын газар, яам агентлаг, пүүс компани, аж ахуйн нэгж, хувийн хэвшил, хувь хүн та бүхэнд ч хамт олныхоо халуун дулаан мэндчилгээг хүргэхдээ таатай байна. Ирэх онд илүү их амжилт, аз жаргал дүүрэн уулзацгаая. Шинэ оноо ширээ дүүрэн амттантай, халуун ам бүлээрээ хамгаас аз жаргалтай угтаарай.

“Mminfo.mn” сайт, “Монголын мэдээ” сонины хамт олноос

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14922
1 эможи
keyboard_arrow_up