Баярлалаа гэх үгээр илч гэрэл түгээж, шинэ оныг угтая

2015 оны 1 сарын 02

Шинэ жил. Инээд хөөр, баяр баясал, дуу хуур. Удахгүй гарах шинэ оноо угтаж, хүн бүр баяр баяслаар жигүүрлэнэ. Улстөрчид улс орны амьдрал урд өмнө байгаагүйгээр сайн, сайхан байсан, өнгөрсөн он хамгийн гэрэл гэгээгээр дүүрэн байлаа гэж ирээд л цэнхэр дэлгэцээр уралдан ярьж, ард түмнээ ирэх онд диваажинд амьдруулна хэмээн амалцгаана. Монгол Улсын Ерөнхийлөгч цалин цагаан мөнгөн аяганд сүү дүүргэн бариад ард түмэндээ ерөөлөө хэлж, ирэх онд та бүхэн минь гар газар, хөл хөсөр жаргана аа хэмээн аархана. УИХ-ын дарга дуугарч ч байгаа юм шиг, ярьж ч байгаа юм шиг, дүлгэнээд ч байгаа юм шиг янцаглаж байгаад л баахан юм ярьж, эцэст нь мэнд хүргэж байна гээд үгээ төгсгөнө. Ингээд л шинэ он гарна. Өдөр бүхэн шинэ. Өдөр бүхний маргааш амьдрал үргэлжилж, амьдрахын тулд хүн бүхэн хичээн зүтгэнэ. Шинэ жилийн баяр боллоо, шинэ он гарлаа гээд бүх юм төгсөнө эсвэл өнөөдрийн муу муухай бүгд үгүй болж, хир буртаггүй нийгэм рүү бид алхаж орохгүй. Хүн бүхэн өөрөө өөртөө бурхан бөгөөд бас ерөнхийлөгч. Бүх юм таниас шалтгаална. Шинэ оны баяраа гэр бүлтэйгээ, ах дүүтэйгээ эрүүл саруул, инээд хөөрөөр дүүрэн өнгөрөөж, жаахан ч гэсэн амраад ав. Таны мөрөөдөлд байдаг хамгийн аз жаргалтай диваажинг бий болгох хөрс суурь бол гэр бүл. Гэр бүлтэйгээ аз жаргалтай угтсан шинэ оны анхны өглөө үр хүүхэд тань инээд дүүрэн, ах дүүс тань аз жаргалтай байгааг харна гэдэг хамгийн гэгээн шинэ жилийн баяр билээ. Эрхэм та бүхэн гэр бүлтэйгээ, ахан дүүстэйгээ, алаг үрстэйгээ эрүүл саруулаар шинэ оныг угтсан бол энэ нь хамгийн гэгээн дурсамж болон үлдэнэ. Монгол хүн бүхэн хундага тулгаж бус хажуу дэргэд буй нэгнээ баярлуулж, баярлалаа гэх халуун үгээр илч гэрэл түгээж шинэ оныг угтах болтугай. Улстөрчид юу гэж ярих нь, маргааш таны төлөө юу хийнэ гэж худал ярих нь хамаагүй. Хамгийн гол нь ард нийтээрээ эрүүл саруул, хөгжил хөөртэй, эвтэй байхын төлөө л эвлэлдэн нэгдэж, архийг бус халуун дулаан үгийн илчээр гэрэлтэн гийж баярлацгаая.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14778
0 эможи
keyboard_arrow_up