ИДЭГЧДЭЭС ӨСГӨГЧИД рүү шилжих ТӨРИЙН ӨМЧ
Мэдэлдээ 99 компани багтаадаг төр дахин нэгийг нэмж байгуулах шийдвэр саяхан гаргалаа. Ингээд манай төр 100 компанитай болох хөг эгшиглэв. Тэр компани нь Үндэсний даатгалын корпорац. Төр гараа дүрэхгүй бол экспортын даатгалыг дотоодын компаниуд хийж чадахгүй, “жижигдэнэ” гэсэн үндсэн шалтгаанаар уг корпорацыг байгуулахаар шийдвэрлэжээ. “Монголын даатгагчдын холбоо”- ноос Үндэсний даатгалын корпорац байгуулахыг эрс эсэргүүцэж буйгаа мэдэгдэв.
Даатгалын компаниуд экспортын даатгал хийх бүрэн чадвартай байхад тэднийг төр басамжлаад зогсохгүй зах зээлийг нь дээрэмдэхийг санаархжээ. Ер нь манай төр салбар бүрт гараа дүрэхг үй байж чаддаггүй бололтой. Төрийн мэдэлд алтны уурхай, барилгын материалын үйлдвэр, бүр зам, барилгын компани ч бий. Төр удахгүй гурилын үйлдвэр, талхны цех, тариалангийн аж ахуй байгуулж баллах юм биш биз. Төрд банк хэрэггүй гэж олон нийт хувьчлахыг шавдуулдаг. Гэтэл Төрийн банкийг хувьчлах нь бүү хэл ашигтай ажиллуулна гэж ярьж суух нь хачирхалтай. Одоо даатгалын компани байгуулахаар боллоо. Санхүүгийн зах зээлд савраа лав дүрэхээр шийдсэн юм байлгүй.
Сү.Батболдын Засгийн газрын үед Төрийн банк орон сууцны зургаан хувийн хүүтэй зээлийг алдагдал хүлээн байж олгож байлаа. Төрийн банкны гүйцэтгэх захирал Ж.Отгонбилэг ингэх нь банкийг ирээдүйд санх үүгийн хүндрэлд оруулна гэж үзээд хоёр удаа орон сууцны зээл олгохоос татгалзсан гэдэг. Гэвч тухайн үеийн Сангийн сайд Д.Хаянхярваа тас загнан олгохыг шаардсан гэнэ лээ. Сонгуулийн оноо цуглуулж л байвал олон нийтийн өмчийг хэрхэх нь улс төрчдөд огт хүртээлгүй гэж үздэг сэтгэлгээний илрэл энэ юм. Төрийн банк баларчихалгүй тэсэж байгаад орон сууцны зургаан хувийн хүүтэй зээл олгохоо зогсоосон. Тэгвэл иргэн бүр 1072 хувьцааг нь эзэмших учиртай “Эрдэнэс Тавантолгой” компани баларч хоцорсон. Энэ мөн л Сү.Батболдын Засгийн газрын тарьсан балаг. “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсийг худалдах гэрээ байгуулж, Хятадын “Чалко” компаниас 350 сая ам.долларын урьдчилгаа авч, иргэдэд тараасан. Бас л сонгуулийн оноо цуглуулах гэсэн арга. Тараасан мөнгө нь өргөн хэрэглээний барааны үнийг хөөрөгдөж, амьдралын чанарыг сулруулах гай тарьснаас гавьяа байгуулаагүй. “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсний үнэ боломжийн өндөр байх үеийг “Чалко”- гийн өрийг дарсаар өнгөрөөлөө.
Нүүрсний үнэ унасан өдгөө цагт санхүүгийн хүндрэлд орж, туслан гүйцэтгэгчдэдээ төлбөрийг нь төлж чадахааргүй доройтов. “Эрдэнэт” үйлдвэрт бичгийн цаас, бэлгэвчнээс өгсүүлээд техник хэрэгсэл, ган бөмбөлөг шахдаг улстөрчид “Эрдэнэс Тавантолгой”-д сурсан аргаа хэрэглэсэн. Ерөнхий сайдын эгчийнх нь охин бөгөөд шадар хүн С.Дэнзэнгийнх нь эхнэрийн компани “Эрдэнэс Тавантолгой”-оос зарласан 17 тэрбум төгрөгийн тендерт ялсан удаатай. Ашиг сонирхлын зөрчилтэй энэ ялалтыг сөрөг хүчин эсэргүүцэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга С.Дэнзэн зөөлөн суудлаас нь “унагасан” түүхтэй. Цагаанхад дахь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх компанийг сонгон шалгаруулах тендерийг С.Дэнзэнгийн хүрээнийхэн өмнө нь ч эзэмшиж байсныг эх сурвалж баталдаг юм. “Эрдэнэс Тавантолгой” компани хэд, хэдэн төрлийн фирм, брэндийн техник, хэрэгслээр олборлолт явуулдаг. Үүний учрыг нөлөөтэй улс төрчдийн “шахааг” тэнцвэржүүлэх гэж янз, янзын фирм, брэндийн техник авсан гэж өмнөх удирдлагууд нь тайлбарладаг гэнэ билээ. “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагууд таарахгүй дугуй авсан хэрэгт унаж байв. Нэг том улстөрчийн гуйлт гувшилт, дарамтыг өнгөрөөхөөр нүдээ аниад зүтгүүлсэн биз.
Төрийн өмчийн 99 компани бол “шахааны бизнес”-ийг цэцэглүүлэгч, үхмэл менежментийн бодит жишээ, улстөрийн хүрээнийхний нэмэлт орлого олдог талбар. Эдгээрийн дунд Төрийн банк, “Эрдэнэс Тавантолгой” шиг улс төрийн шоглоом болдог олон компани бий. “Эрдэнэт” үйлдвэр, цахилгаан станцууд бол сонгодог жишээ болсоор ирсэн. “Эрдэнэт” үйлдвэрийн агуулахад 100 гаруй тэрбум төгрөгийн ашиглагдахгүй тоног төхөөрөмж, техник хэрэгсэл хэвтэж байх жишээтэй. Үүнээс 1.7 төгрөгөөр үнэлэгдэх бараа, бүтээгдэхүүнийг устгалд оруулсан гэнэ лээ. Ямар их үрэлгэн зардал бэ. Төрийн өмчийн хороо болон яам, агентлагийн мэргэжилтнүүд төрийн өмчийн компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, олонх нь өндөр цалин, урамшуулал авдаг. Тэгэхээр төрийн өмчийн 99 компани албан хаагчдын халаасыг зузаалдаг хэрэг. Сайтар ажиглавал яам, агентлагийн өндөр албан тушаалтнууд “Эрдэнэт” үйлдвэр гэх мэт ашиг ихтэй газрын ТУЗ-д багтаж байгааг анзаарч болно. ТӨХ-ынхон “Үнэд оруулж байж хувьчилна. Төр өмчөө хямд зарж болохгүй” гэж ярих дуртай. Гэтэл төрийн өмчийн компаниуд ихэнх нь алдагдалтай ажилласаар, бизнес нь хумигдсаар байгаа нь нүдэнд ил. Үүнийг төр дийлэнх хувьцааг нь эзэмшдэг “Монголын цахилгаан холбоо” компани хоёр жилийн өмнө 200 ажилтнаа халж байхад үед УИХ-ын гишүүн С.Бямбацогтын үүсгэн байгуулсан “Ньюпрогресс” групп 1000 ажлын байр зарласан жишээнээс харьцуулж харж болно. Өмч нь доройтон буй Төрийн өмчийн хороог сан болгон өөрчлөх тухай улс төрийн шийдвэр гаргахаар яригдаж байна. Төрийн өмчийг удирдах сангийн тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт боловсруулж байгаа гэнэ.
УИХ-ын дарга З.Энхболд Монголын эдийн засгийн чуулганд оролцохдоо төрийн өмчийн сангийн эрх зүйн зохицуулалтыг наадмаас өмнө батална гэж хэлсэн. Хуулийн төслийн гол үзэл баримтлал төрийн байгууллагуудын төлөөллийг төрийн өмчийн компаниудын үйл ажиллагаанд оролцох эрхгүй болгох аж. Монголын төр сайн менежер байж чадахгүйгээр үл барам хулгайлагч, хумслагчийн дүрд хувилах нь элбэг болсон учраас бүтцийг нь үндсээр нь өөрчлөх санаачилгыг олон хүн дэмжиж байна. Төрийн өмчийн хороо хэмээх байгууллагыг сан болгохын тулд Сингапурын “Темаск холдинг”-ийн туршлагыг ашиглаж, зөвлөхөөр ажиллуулахаар болов. “Темаск” санг 1974 онд Сингапурын төрийн өмчийг удирдуулахаар байгуулжээ. 2013 оны эцсээр “Темаск” сангийн хөрөнгө 317.4 сингапур доллараар (451 их наяд төгрөг) хэмжигдэж байна. Тус сан нь өнгөрсөн онд 83.8 тэрбум сингапур долларын орлого олж, 15.2 сингапур долларын (21.6 их наяд төгрөг) ашигтай ажиллажээ. Энэ нь ойролцоогоор зургаан хувийн өгөөжтэй ажилласан үзүүлэлт юм.
“Темаск” сан байгуулагдсанаас хойш жилд дунджаар 17 хувийн өгөөжтэй ажиллаж, дэлхийд өсөлтийн хурдаараа тэргүүлж иржээ. Энэ сангийн хөрөнгийн дийлэнх нь хувьцаа хэлбэрээр байршдаг гэнэ. Хөрөнгийнх нь 30 хувь Сингапур, 41 хувь нь Ази, 25 хувь нь Хойд Америк, Европ, Шинэ Зеланд, Австрали, дөрвөн хувь нь Латин Америк, Африкийн зах зээлд хамаардаг байна. Санг 100 хувь Сингапурын Сангийн яам эзэмшдэг ч дотоод үйл ажиллагаанд нь оролцдогг үй аж. Сангийн удирдах зөвлөлийг 10 хүнээр бүрдүүлдэг бөг өөд тэдгээрийн олонх нь хувийн хэвшил, олон нийтийн байгууллагыг төл өөлс өн хараат бус захирал байдаг гэнэ. Шилдэг менежменттэй учраас зэрэглэл тогтоогч компаниуд тус санд хамгийн өндөр үнэлгээ өгсөн байдаг. Дэлхийн шилдэг менежерээс зөвл өгөө авах манай ТӨХ 99 компанийн 12 их наяд төгрөгийн хөрөнгийг удирддаг. Гэвч компаниудынх нь үйл ажиллагааны өгөөж нь хөрөнгийнхөө нэг хувьд ч хүрдэггүй нь харамсалтай. “Эрдэнэт” үйлдвэр тэргүүтэй цөөн компани л ашигтай ажилладаг. Удирдлагууд нь ашигтай ажиллуулах менежмент хийхээсээ илүүтэй идэж уухыг урьтал болгодог учраас төр, иргэдэд өгөөжөө өгөхгүй нь лавтай.
Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар “Төрийн өмчийн 70 компанийн хувьцааны 10 хувийг хөрөнгийн биржээр арилжих магадлалтай” гэж хэлсэн. ТӨХ-г сан болгохдоо төрийн өмчит компаниудыг олон нийтийнх болгох “аян”-ыг давхар өрнүүлэх бололтой. Төрийн өмчийн 52 компанийн хувьцаа Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй байдаг. Гэвч үүнээс 47 компанийн хувьцааг төр 100 хувь эзэмшдэг. Төрийн өмчийн компаниудын хувьцааг хөрөнгө оруулалтын сангууд, хувийн хөрөнгө оруулагчид эзэмшсэнээр бизнесийн шударга зарчимд шилжих нь гарцаагүй. Тэд бол хөрөнгөө өсгөгчид болохоос барагсад биш. Хуулийн төсөл боловсруулахдаа төрийн байгууллагын ажилтан төрийн өмчийг удирдахад оролцдогийг тас цохих үзэл баримтлалаасаа гуйвах хэрэгггүй. Яам, агентлагийн нэг ч мэргэжилтэн, дарга сэтэртэн төрийн хувьцааг нь эзэмшдэг компанийн ТУЗд багтах зайгүй хууль батлах шаардлагатай. Төрийн өмчийн компани албан тушаалтны шахааг үл хэрэгсэгч, ухаалаг менежентийн үнэн жишээ, улс төрийн хүрээнийхний орлого олж чаддаггүй талбар болох цагийг үзэх бололтой.