“Байгаль орчны сэтгүүлзүйн шилдэг бүтээл 2014” уралдааны шагналтнууд тодорлоо

2014 оны 12 сарын 20

“Байгаль орчны сэтгүүлзүйн шилдэг бүтээл 2014” уралдааны тэргүүн байрны бүтээлүүд шалгарав. Тус уралдааныг Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клуб, дэлхийн хамгийн том төрөлжсөн уул уурхайн компаниудын нэг “Англо-Американ” компани хамтран зохион байгууллаа.

Тэргүүн байранд шалгарсан сэтгүүлчдийг шагнах ёслолын ажиллагаа өчигдөр буюу 12 дугаар сарын 19-ний өдөр "Блю скай" зочид буудлын Топаз танхимд болсон юм. Арга хэмжээг нээж, Хэвлэлийн хүрээлэнгийн судалгааны албаны дарга, хүрээлэнгийн гүйцэтгэх захирлыг түр орлогч Г.Гүнжидмаа үг хэлэв.

Тэрээр “Энэ жилийн уралдаанд сэтгүүлчид маань идэвхтэй оролцлоо. Энэхүү уралдаан нь байгаль орчны талаар монголын сэтгүүлчдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлж, улмаар олон нийт, оролцогч талууд байгаль орчноо зөв ашиглах, хамгаалах сайн үйлсэд ихээхэн хувь нэмэр боллоо.” гэдгийг онцолсон юм.

Түүнчлэн Англо-Американ компанийн Монгол дахь салбарын Ерөнхийлөгч, суурин төлөөлөгч доктор Грэйм Ханкок: “Монгол улсын хөгжлийн тулгуур хүчин зүйлсийн нэг болох байгалийн баялгийг зөв зохистой хөгжүүлж, ашиглах хариуцлагатай үйл хэрэгт сэтгүүлчдийн үүрэг, оролцоог дэмжих үүднээс манай компани энэхүү уралдааныг Монголд жил бүр зохион байгуулахаар санаачлан ажиллаж байна. Анхны жилийн уралдаан амжилттай болж, олон арван сэтгүүлчид идэвхтэй оролцсонд бид их баяртай байна. Дараа жилийн уралдаанд илүү олон сэтгүүлчид оролцож, байгаль орчны талаар олон сайхан бүтээлүүд ирнэ гэдэгт бид итгэлтэй байна.” гэлээ.

Ингээд “Байгаль орчны сэтгүүлзүйн шилдэг бүтээл 2014” уралдааны тэргүүн байр эзэлсэн сэтгүүлчдийн бүтээлийг танилцуулъя.

Сонин, сайт, сэтгүүлийн 29 сэтгүүлчийн 47 бүтээлээс:

  1. “National times news” сэтгүүлийн сэтгүүлч Г.Батзориг “Говийн усны үнэ цэнэ” нийтлэл
  2. “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Б.Солонго “Гурвантэсийн улаан чулуу хүний аминд хүрч эхэллээ”, “Гурвантэсийн Баянбүрдийг устгахад бэлэн болжээ” цуврал сурвалжлага
  3. “Монголын үнэн” сонины сэтгүүлч С.Юмсүрэн “Модыг суулгадаг биш ургуулдаг болцгооё” нийтлэл шалгарчээ.

Телевиз болон радиогийн 17 сэтгүүлчийн 25 бүтээл өрсөлдсөнөөс:

  1. “Эко” телевизийн сэтгүүлч Л.Уянга “Иргэн бүр экологич” нэвтрүүлэг
  2. “Стар” телевизийн сэтгүүлч Б.Ариунтуул, М.Болорцэцэг “Нээлттэй сэдэв” тоймчийн хөтөлбөр, усны тухай нэвтрүүлэг
  3. Сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн ”Гарч” баримтат кино шалгарсан байна.

Эхний гурван байрт шалгарсан сэтгүүлчдэд цом, өргөмжлөл, 1-2 сая хүртэлх төгрөгийн мөнгөн урамшуулал болон үнэ бүхий зүйлийг гардуулан өглөө.

Бүх нийтээрээ даяаршиж буй өнөө үед өндөр хөгжилтэй болон хөгжиж буй аливаа улсын хувьд байгалийн эх үүсвэрээ зөв зохистойгоор ашиглаж, тогтвортой хөгжлийг эрхэмлэх нь нэн чухал ач холбогдолтой болоод байна. Тогтвортой хөгжлийн гол тулгуур болох байгаль орчны асуудлаар манай сэтгүүлчид жил ирэх тутас асуудал хөндсөн олон бүтээл бэлтгэн нийтэлж, нэвтрүүлэх болсон. Тиймээс нийт сэтгүүлчдийг байгаль орчны тулгамдсан асуудлуудыг мэргэжлийн өндөр түвшинд хөндөж, улмаар олон нийт болон шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулахад нь дэмжиж, урамшуулах нь энэхүү уралдааны зорилго оршиж байгаа юм. Уралдааныг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14369
0 эможи
keyboard_arrow_up